Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг 7 хоног бүрийн Баасан гарагт иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллахаар болсон.
Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Уянга нар өнөөдөр /2023.04.07/ иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, 08:30-12:30 цагийн байдлаар утсаар 19 санал гомдол, 32 иргэнтэй биечлэн уулзаж санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч ажиллалаа.
Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.