Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд Улаанбаатарт “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлж, царай таньдаг, царай нь тодорхой биш тохиолдолд үйл хөдлөлөөр нь хүнийг тодорхойлж чаддаг “ухаалаг” 2000 камертай болно гэсэн. Эдгээрийн 600-г нь авто замын 30 уулзварт, үлдсэнийг нь нийтийн эзэмшлийн талбайд суурилуулах байлаа. Ийм камеруудын тусламжтайгаар 2022 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн 80 хувийг хянаж, гэмт хэргийн гаралтыг 40-50 хувиар бууруулна гэж байсан. Гэтэл өдгөө нийслэлд “ухаалаг” камер бүү хэл, энгийн нь ч цөөн байна. Улаанбаатарын хэмжээнд одоогоор нийтийн эзэмшлийн талбай, замын хөдөлгөөний уулзвар орчимд 3000 гаруй камер бийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Эдгээрийн 40 хүртэлх хувь нь чанарын шаардлага хангахгүй, дүрс нь бүрсгэр болохыг ч дээрх газрын Хэвлэл мэдээллийн төвийнхөн дурдав. Түүнчлэн энэ оноос нийслэлд камерын иж бүрэн систем суурилуулахаар “Ногоон бүс” төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. ЦЕГ-аас улсын хэмжээнд камерын хяналт сул байгааг хүлээн зөвшөөрч, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчидтай зөвлөлдөн, хаана, хэдэн камер суурилуулбал үр дүнтэй талаар ярилцсаар л байгаа аж. Урьдчилсан байдлаар нэг хороонд 100 гаруй камер суурилуулбал хяналтыг сайжруулж, гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж тооцжээ. Камер суурилуулах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсвөөс гаргах гэнэ. Дээр дурдсан “Аюулгүй хот” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба аль алинаас нь мэдээлэл өгсөнгүй, лав 2000 камер оруулж ирээгүй юм байна.
Их хотод өдөр бүр л хулгайн болон бусад гэмт хэрэг үйлдэгддэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнийг олох, нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад камер тустай нь дамжиггүй. Тэгвэл нийтийн эзэмшлийн зам, талбайд суурилуулсан камер цөөн, зарим нь ажиллахгүй, чанарын шаардлага хангахгүй нь олон байгааг албаныхан хүлээн зөвшөөрлөө. Томоохон худалдааны төв, дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд л дотроо болон үүдэндээ камертай, гэр хороолол, зуслангийн бүсэд бараг камергүйг та анзаарсан боловуу. Өөрөөр хэлбэл, зөвхөн авто замын хөдөлгөөнийг хянах, жолооч нарт торгууль ногдуулах үүрэгтэйгээс бусад камерын хяналт сул, олон нийтэд өгөөжгүй байгааг иргэд дурдсаар. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн Ч “2022 оны хоёрдугаар сард “Цэцэг” төв орчмоос таксинд суун, Бэлхийн зуслан руу хүргүүлсэн. Очих газраа хүрч, таксины төлбөрөө төлөөд буух үед жолооч нь огцом хурдлан, цүнхийг маань аваад зугтаасан. Дугаарыг нь харж чадаагүй ч бараан өнгийн, солонгос автомашин гэдгийг цагдаад тэмдэглүүлэн, камер шүүлгэсэн. Гэтэл “Цэцэг” төвөөс Бэлх хүртэлх 20 орчим км замд олигтой ажилладаг нэг ч камергүйгээс тухайн жолоочийг олж чадаагүй. Ялангуяа зуслан, гэр хороолол дунд нэг ч камер байхгүй юм билээ” гэв.
Баянгол дүүргийн VI хороолол, XIX хорооны иргэн “Манай гэрт хулгай орсон. Өдрийн цагаар хүнгүй байдгийг далимдуулан нэвтэрсэн байсан. СӨХ-нд манайх сар бүр 11 000 орчим төгрөг төлдөг. Гадна тохижилт, камержуулалт, мөн орцны цэвэрлэгээ зэргийг хариуцдаг гэж СӨХ-ны тайланд дурддаг. Гэтэл хулгай гармагц камер нь хангалтгүй ажилладгийг мэдлээ. Орцны үүдэндээ ганц камертай учраас олон хүн орж, гарахад ялгах боломжгүй. Мөн бүрсгэр, хүний царай таних аргагүй зэргээс шалтгаалж камерын мэдээллээс юу ч олоогүй. Бас хэн нэгнийг сэжиглэлээ гэхэд орцны үүдээр гараад л алга болчих жишээтэй. Нэг камерын хяналтаас гарахад нөгөөгийнх нь бичлэгээс үйл явдлыг хөөн харах ямар ч боломжгүйд сэтгэл дундуур байна” хэмээв. Тэгвэл дээрх хулгайн хэрэг гарсан байрны “Эв нэгдэл” СӨХ-ны дарга “12 давхар, гурван орцтой орон сууцын давхар бүрт камер тавина гэвэл манай санхүүжилт хүрэхгүй. Манай СӨХ сард дөрвөн сая гаруй төгрөг хуримтлуулахаас 60-70 хувьтай л цуглуулдаг. Энэ нь ажилчдаа цалинжуулж, гадна талбайгаа тохижуулж, цэцэг, бут тарих зэрэгт л хүрэлцдэг” хэмээн ярилаа.
Орцондоо хогоо гаргаж тавихад камераар харж, торгууль ногдуулахаа илэрхийлдэг СӨХ-ныхон гэрт хулгай орсон тохиолдолд хариуцлага хүлээх үү. Энэ талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа. Тэрбээр “Улсын хэмжээнд 1000 гаруй СӨХ бий. Үүнээс 807 нь буюу 260 000 гаруй өрхийг төлөөлсөн холбоог бид нэгтгэн ажилладаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. СӨХ-д төлбөр авдаг учраас оршин суугчдын ая тухыг хангах, цэвэрлэгээ хийх, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эд хөрөнгийнх нь бүрэн бүтэн байдалд санаа тавих учиртай гэсэн гомдол тасардаггүй. Тэгвэл дээрх хуулийн хүрээнд бид нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайд санаа тавина уу гэхээс айлд хулгай орохоос сэргийлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, орц, давхар бүрт камер суурилуулах боломжгүй. Хувь хүний нууцын үүднээс иргэд дургүйцдэг, өөрсдийг нь хянахыг оролдлоо гээд таатай ханддаггүй. Хэрэв СӨХ, эсвэл тухайн барилгын компаниас айлуудын үүд, давхруудад камер тавих бол иргэдээс санал авах учиртай. Санал авалгүйгээгээр камержуулбал бид хариуцлага хүлээх болдог. Камерын бичлэг шүүлгүүлж гэр бүл хооронд зөрчил үүссэн, маргаан гарсны улмаас СӨХ буруудсан тохиолдол бий” хэмээв.
Мундахгүй олон татвар төлдөг бид эд зүйлээ хулгайд алдахад тухайн орчных нь камер ажилладаггүй, камерынх нь тоо цөөн, хяналт сул, хохирлоо барагдуулж чадахгүй хэвээр л байна. Бүр “ухаалаг” камер суурилуулж, иргэдийн царай, үйл хөдлөлийг танин, гэмт хэргийг бууруулна гэж мэдээлсэн байгууллага нь өдгөө камерын хяналт, суурилуулалт бол дүүрэг, хороод болон ЦЕГ-ын хамтарч хийх ажил гэлээ.