Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "Соёлын төв-Соён гэгээрлийн төв" сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. Сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулахад албан хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн 27 сумын 170 гаруй ажилтан, албан хаагчид хамрагджээ.
Тус сургалт, зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн болон соёлын яам, аймгийн ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид, соёл, урлагийн ажилтнууд оролцлоо. Чингис хаан музейн захирал, Академич С.Чулуун “Чингис хаан Үндэсний музей ба орон нутгийн хамтын ажиллагаа”, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Соёлын бодлого - Соёлын боловсрол-Соёлын төв”, СУИС-ийн Соёл, урлагийн салбарын мэргэжил дээшлүүлэх институтийн эрхлэгч, профессор Л.Тунгалаг “Соёлын төв - Шинэ нөхцөлд”, Үндэсний брэндийн эксперт Б.Батгэрэл “Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэнэ”, Удирдлагын Академийн багш, доктор (Ph.D) Т.Билэгсайхан “Төрийн албан хаагч ба соёлын ажилтны ёс зүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Зөвлөгөөнд оролцогчид Чингис хаан Үндэсний музейг үзэн сонирхож, Соёлын яамаар зочиллоо. Сумдын соёлын төвийн дарга нарыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан болон газрын дарга нар хүлээн авч уулзан салбарын бодлогыг танилцуулж харилцан санал солилцлоо.
Соёлын боловсролыг бүх нийтэд албан бус боловсролоор дамжуулан хүргэснээр иргэдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ хөгжиж, соёлын үйл ажиллагаанд оролцоо, нийгмийн соён гэгээрэл нэмэгдэж, нүүдлийн ахуй, үндэсний өв, соёл, уламжлалаараа бахархдаг, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг, эх орныхоо ирээдүйд итгэдэг залуу үе төлөвшдөг. Үүнд соёлын төвийн үүрэг чухал. Өдгөө сумдын соёлын төвд стандартын хэрэгжилтийг ханган ажиллахад Соёлын яам ихээхэн анхаарч, орон нутгийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа, тухайн соёлын төвийн санаачилга, бүтээлч байдал, менежмент чухал гээд хүний нөөцийг бэлтгэх, сургах, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа илэрхийлэв.