Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээв авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хөндөж, 2023-2027 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахад талууд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, албан бус салбарт ажиллагсдыг бүртгэлжүүлэх, албан салбарт шилжих, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийг шинэчлэх, оролцогч талууд болон олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, Хөдөлмөрийн хяналтын бүтэц, тогтолцооны нөхцөл байдлын үнэлгээ хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, Хөдөлмөрийн хяналтын тухай 1947 оны 81 дүгээр Конвенц, Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтын тухай 1969 оны 129 дүгээр конвенцид нэгдэн орохтой холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд техник, арга зүйн дэмжлэг авах, Нийгмийн даатгалын багц хууль батлагдвал 78 захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, батлуулах, ажил олгогч, ажилтан, даатгуулагч, иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, нийгмийн даатгалын ажилтныг чадавхжуулахад хамтарч ажиллах нь.
Ноён Чанхи Ли 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ныг дуустал Монгол Улсад томилолтоор ажиллах бөгөөд энэ үеэр нийгмийн түншүүд болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, олон улсын байгууллагуулын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм.