Цахим шинэчлэлийг нэвтрүүлснээр Хилийн үйлчилгээг сайжруулах зорилгоор www.gaali.mn системийг шинээр нэвтрүүлжээ. Үүний дүнд гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад өөрөө мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах бичиг баримтыг цахим хэлбэрээр илгээх, лавлагаа тодорхойлолт авах, гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл бүртгүүлэх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.
Уг систем нь тоон гарын үсэг, төрийн үйлчилгээний ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системийг ашиглан нэвтрэх боломжтой ба систем нэвтэрснээс хойш 2022.01.01 – 2023.03.25 хооронд импортын 21,831 , экспортын 246,839 мэдүүлэг нийт 6,8 тэрбум ам.долларын статистик дүн бүхий мэдүүлгийг гаалийн зуучлагч байгууллагагүйгээр иргэд, ААН өөрсдөө мэдүүлсэн байна. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, цаг хугацаа зардалыг хэмнэх боломжийг олгосон.
Уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, улсын хилээр гаргах зэрэг бүхий л шатыг цахим хэлбэрээр бүртгэх "Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем"-ийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн нэвтрүүлж эхлээд байна. Уг системд 280аад байгууллагын 1,518 гэрээ бүртгүүлж, уг гэрээгээр 115,748 экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн байна.
БТКУС-ын кодын 6000 гаруй ангиллын бараанаас зөвхөн 2351 барааг их, дунд, бага ангиллаар нь ангилж, гаалийн хорио цээрийн хяналт хийж байна.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр экспортлоход олон улсын конвенц хөрш зэргэлдээ болон бусад улсын хорио цээрийн хяналтын байгууллагатай хийсэн протоколын дагуу мал эмнэлгийн болон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, импортлох болон дамжуулан өнгөрүүлэх үеийн мэдэгдэл авах хүсэлтийг аж ахуйн нэгж иргэдээс Хорио цээрийн хэлтэс нь сарs.gaali.mn цахим хаягаар хүлээн авч, урьд 7-10 хоногийн хугацаанд шийдвэрлэж байсан бол бичиг баримтын бүрдэл хангасан нөхцөлд 4-8 цагт багтаан хариуг гарган олгож байна.