Бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлж буйтай холбоотойгоор зарим зах, худалдааны төвд барилгын материалын ханш ямар байгаа болон барилгын компани, борлуулагчдын төлөөллийн сэтгэгдлийг сонирхлоо. Барилгын голлох түүхий эдийн нэг бол цемент. Манай улс жилд 1.8 сая орчим тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодын дөрвөн үйлдвэр хангадаг гэдэг. Эдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу МАК, “Монцемент”-ийн цемент “Хангай” зах болон Гурвалжингийн гүүр орчимд 50 кг нь 23 000-25 000 (НӨАТ-тай, НӨАТ-гүйгээс шалтгаалж) төгрөгийн үнэтэй байв. Энэ нь тонн нь 460 000-500 000 төгрөгийн үнэтэй гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын дунд үед тонн цемент 310 000-330 000, 2021 оны мөн үед дунджаар 250 000 төгрөг байсан юм.
Эндээс харвал, 2022 оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад нэг тонн цемент 50 гаруй хувь, хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ талаар Гурвалжингийн гүүр орчимд цемент борлуулагч нэгэн “Цементийн үнэ тогтмол өссөөр өдгөө тонн нь 500 000 төгрөгт хүрлээ. Ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй. Бид бүтээгдэхүүний үнэ дээр бага зэргийн хөлс шингээн, борлуулдаг. Цементийн нийлүүлэлт хэвийн, эрэлт ч бага байна. Цаг агаар дулаарахаар хүмүүс барилгын материал их авч эхэлдэг бөгөөд үнэ нь одоогийнхоосоо нэмэгддэг” гэв. Тэгвэл “Хангай” захад ажилладаг Д.Батмөнх “МАК болон “Монцемент” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг манайх борлуулж буй. Одоогоор эрэлт бага, нийлүүлэлт ч тасалдаагүй, хэвийн байгаа. Харин “Цемент шохой” компани буюу Хөтөл дэх цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ирэхгүй байна. Түүнчлэн элс, хайрга нэг шоо метрийг нь 45 000 зарж байгаа бөгөөд эдгээрийг 2022 оны хавар 30 000-35 000-аар борлуулж байсан. Мөн л үнэ нь өссөн гэсэн үг. Ер нь цар тахлын улмаас хил хаагдан, бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч нөхцөл байдал хэвийн болоход хямдраагүй. Зөвхөн нийлүүлэлт нь арай тогтвортой болсон” хэмээлээ.
“Хангай” бол нийслэлд мод, модон материал нийлүүлдэг томоохон зах. Тэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан метр урт, хар модон палк ширхэг нь 100 000-120 000, 3-5 см-ийн өргөнтэй, 30-40 ширхэг банз 400 000-600 000 төгрөгийн үнэтэй байв. 6-9 ширхэг брус модыг уртаас нь хамаарч 30 000-60 000 төгрөгөөр борлуулж байлаа. Энэ нь мөн л өнгөрсөн жилийн өдий 2021 оны хаврынхаас 50-100 хувиар нэмэгдсэн дүн болохыг борлуулагчид нь хэлсэн юм.
Үүнээс гадна цахилгаан болон сантехник, ариун цэврийн өрөөний эд хэрэгслүүдийн үнэ сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдсэнийг “Hermes” худалдааны төвийн борлуулагч С.Чулуунхүү дурдсан. Тэрбээр “Иргэд цемент, элс, хайрга, бетоны үнэ өсөөд байна гэж их ярьж, анхаарлаа хандуулдаг. Тэгвэл цахилгааны утас, разетка, төрөл бүрийн угаалтуур, холигч, суултуур зэрэг бэлэн барааны үнэ ч тасралтгүй нэмэгдсээр байна. Тухайлбал, манайх нэг салаалагчийг 7000-10 000 төгрөгөөр борлуулж буй. Үүнийг 3-4 жилийн өмнө 1000-2000, өнгөрсөн жилийн өдийд 4000-5000 төгрөгөөр худалдаж байсан. Урд хөршөөс бараа татан авах тээврийн зардал бол буурсан. Гэхдээ юанийн ханш өссөн учраас барааны үнэ огт хямдрахгүй байгаа юм” хэмээн ярив.
Манай улс барилгын материалынхаа 70 орчим хувийг импортолдог гэдэг статистикийг 2022 онд Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн. Дотоодоос зөвхөн цемент, элс, хайрга, дайрга, бетон, мод зэргийг нийлүүдэг. Гэхдээ цемент хийхэд ашигладаг гөлтгөнө болон сэлбэг хэрэгсэл, тээврийн зардал өндөр учраас үнэ нь нэмэгдэх шалтгаан болдог хэмээн үйлдвэрлэгчид нь тайлбарладаг. БХБЯ-наас барилгын материалын үнийн хэт хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, нийлүүлэлтийг хэвийн байлгах талаар юу хийж буйг нь тодрууллаа. Тус яамныхан “Барилгын материал, түүхий эдийн үнийн судалгаа хийж байна. Цемент, арматур, тоосго, блок зэрэг голлох бүтээгдэхүүний ханш 2021, 2022 оныхоос хэрхэн өөрчлөгдсөн, үнэ хэлбэлзсэн бол юу нөлөөлөв, нийлүүлэлт нь ямар байгаа зэргийг судалж буй гэсэн үг. Ирэх сарын дундуур албан ёсны мэдээлэл өгнө. Ер нь манай улс импортын хамааралтай, гадаад зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь бидэнд шууд нөлөөлдөг. Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг тонн бүтээгдэхүүн тээвэрлэх зардал өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 30 орчим хувиар хямдарсан гэсэн нь хэр бодитойг ч магадлаж буй.
Түүнчлэн барилгын салбарт хувийн хэвшлийнхэн ажилладаг учраас бүтээгдэхүүнийх нь үнийг төрөөс барьж чадахгүй. Томоохон үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зэргээр л дэмждэгийг хэлэх нь зүйтэй” гэв. Харин орон нутаг болон нийслэлд 170 орчим орон сууц, барилга барьсан MBC компанийн захирал С.Батчулуун “Материал, түүхий эдийн үнэ тасралтгүй л өсөж байна. Өдгөө тонн арматур дөрвөн сая төгрөгийн үнэтэй байгаа нь 2021 оны хаврынхаас хоёр, цар тахлын өмнөх үеийнхээс бараг тав дахин нэмэгдсэн дүн. Үнэ ханш ийнхүү тогтмол чангарсаар байгаагаас манай компанийн улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын зардал өсөж, алдагдал хүлээсэн.
Төсөвт өртөг нь хэтэрсэн шалтгааныг салбарын яамд, тендер шалгаруулсан байгууллагуудад хэлж, албан бичиг ч хүргүүлсэн. Гэтэл одоо болтол тэр алдагдлаа нөхөөгүй, төсвөөс нэмэлт санхүүжилт аваагүй” гэсэн юм. Цар тахлаас шалтгаалсан нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтийн улмаас улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн 534 компани төсөвт өртөг нь нэмэгдэн, алдагдал хүлээснээ 2022 оны долдугаар сард мэдээлж байв. Улмаар төсвөөс 274 тэрбум төгрөг нөхөн олгохыг хүссэн. Эл асуудлыг БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран хянаад, үнийн өсөлт компаниудад хэрхэн нөлөөлснийг магадлахаар болсон билээ. Тэгвэл 634 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч алдагдал хүлээсэн нь тодорхой болж, тэдэнд 301 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор энэ оны төсөвт тусгасан аж. Компаниуд тендерт нь шалгарсан байгууллагадаа хандан санхүүжилтээ авч болох бөгөөд компаниудын гомдлыг барагдуулж байгааг дээрх төвөөс мэдээллээ.
Манайх хонины ноос, элс, шавар, төмрийн хүдэр зэргийн арвин нөөцтэй. Үүгээр барилгын дулаалга, тоосго, арматур, цемент хийж болдог. Энд тэнд тоосго, блок, дулаалгын материал үйлдвэрлэдэг цөөнгүй үйлдвэр байдаг ч иргэдийн хэрэгцээ, худалдан авах чадварт тохирсон, импортын бүтээгдэхүүнийг орлох бараа санал болгодог нь бараг үгүй. Мөн цементийн томоохон үйлдвэрүүдийг дэмжин, их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож ирсэн ч жил бүр л барилгын материалын үнэ өнгөрсөн оныхоосоо нэмэгдсэн байдаг. Цар тахлын нөлөөгөөр бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, тээврийн зардал нэмэгдэн үнэ өссөн гэдэг тайлбарыг 2020-2022 онд наймаачид болон төрийн зарим байгууллага өгдөг байв.
Тэгвэл өдгөө тээврийн зардал буурч, нийлүүлэлт хэвийн болсон ч үнэ нь хямдарсан бүтээгдэхүүн алга. БХБЯ-наас 2022 оны тавдугаар сард барилгын материалын үнийн өсөлтийг бууруулах, өсөлтийн шалтгааныг тогтоох, нийлүүлэлтийг хэвийн байлгах чиглэлээр байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулснаа мэдээлж байв. Ажлын хэсэгт салбарын яам, Барилгын хөгжлийн төв, ШӨХТГ төлөөлөл багтан, асуудлыг нягтлан иргэдэд мэдээлэл өгнө гэсэн билээ. Тэгвэл өдгөө уг ажлын хэсгийнхэн юу хийсэн, ямар дүгнэлт гарганыг мэдэх байгууллага, албаны хүн алга.