Уран зураг сэргээн засварлах лабораторийнхөн галд өртсөн уран зургуудыг сэргээн ажиллаж байна. Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхлүүлсэн байна.
Уран зураг сэргээн засварлах лаборатори нь тухайн оныхоо аравдугаар сараас бүрэн ажиллаж эхэлсэн аж. Мөн зөвхөн технологийн хувьд бус тогтвортой үйл ажиллагааг нь хангахын тулд ХБНГУ-ын мэргэжилтнүүд Монголын уран зургийн галерейн сэргээн засварлагчдыг гурван шатлалт цогц сургалтад хамруулж, европын арга барил, техникийг эзэмшүүлсэн аж. Үр дүнд нь 2009 онд гарсан гал түймэрт их өртсөн, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зургийг сэргээн засварлаж эхэлсэн байна.
Улмаар сэргээн засварласан уран зургуудаар Катар улсын Доха хотод болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “On the Move” үзэсгэлэн гаргаж, Монголчуудын нүүдлийн соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маягийг урлагийн бүтээлээр дамжуулан олон мянган хүнд толилуулсан юм.
Галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг, тухайлбал, Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын 1967 онд зурсан “ТАЙХАР ЧУЛУУ”, Ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн 1962 онд зурсан “КИНО МЕХАНИКЧ”, зургийг сэргээн засварлаж Катар улсын Доха хотноо дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах үеэр зохион байгуулагдсан “On the Move” үзэсгэлэнд дэлгэсэн байна. Тухайн үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 72 мянга гаруй жуулчин үзсэн бөгөөд дүрслэх урлагаар дамжуулан Монголын соёлын өвийг сурталчилан танилцуулсан аж.
Цаашид уг лаборатори нь улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлахаас гадна хувь цуглуулагч болон хувийн галерейн бүтээлүүдийг сэргээн засварлах чиглэлд анхаарч, цар хүрээгээ өргөжүүлэх зорилго тавьжээ. 2009 онд Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд галд өртсөн. Тухайн үед бага гэмтэлтэй 600 орчмыг нь сэргээн засварласан аж.