Хүрэл эдлэлийн хэсгүүд
ШУТИС-ийн археологийн судалгааны багийнхан Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан-Ус гэх газраас Хүннү гүрний үед холбогдох олон дурсгал илрүүлжээ. Тус сургуулийн багш, доктор Д.Хатанбаатар, докторант Ж.Мөнхдэлгэр тэргүүтэй судалгааны багийнхан дээрх газраас олсон олдворуудаараа өнгөрөгч баасан гарагт “Ямаан-Усны археологийн судалгаа” үзэсгэлэн гаргалаа. Тэд өнгөрсөн жилийн хайгуулынхаа үр дүнд 154 дурсгал илрүүлжээ.
Б.Явуухулан найрагчийн алдарт “Тэхийн зогсоол” шүлэгт гардаг Хүүшийн өвөлжөөнөөс Хүннүгийн жирийн иргэдийн дурсгал буюу булш, Ямаан-Уснаас язгууртны бүлэг дурсгалыг илрүүлсэн.
Үүнээс 42 нь Хүннүгийн сурвалжит язгууртны төрөлд хамаарах, үүдэвч бүхий дурсгал аж. Мөн Хүннүгийн жирийн иргэдийн булш, оршуулгын цогцолбор зэрэг 400 орчим дурсгал нэмж илрүүлсэн байна. Эдгээр ажлынхаа үр дүнд эрдэмтэд тус бүс нутагт Хүннүгийн томоохон суурин байсныг нотлох, судалгааны өндөр ач холбогдолтой нээлт хийжээ. Түүнчлэн тэдний илрүүлсэн дурсгалууд нь оршуулгын зан үйл, булшны бүтэц, зохион байгуулалтыг судлахад чухал хэрэглэгдэхүүн болох гэнэ. Энэ нь Хүннүгийн язгууртны булш Монгол орны нутгаас олдсон 10 дахь тохиолдол юм байна.
Авсны алтан чимэглэл. Оршуулгын модон авсны гадна хэсгийг үүгээр чимэглэжээ
Судалгааны багийнхан үзэсгэлэндээ Хүннүгийн язгууртны дурсгалтай холбогдох 99 эд өлгийн олдворыг анх удаа дэлгэн, олон нийтэд үзүүллээ. Эдгээрийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс өмнө нь олдож байгаагүй утлагын сав, сац маягийн эдлэл байсан нь хүннү нарын шүтлэг бишрэлийг илэрхийлэх анхдагч ховор олдворт тооцогдож буй аж. Ямаан-Усанд хийсэн хээрийн шинжилгээ, судалгаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн, Археологийн хүрээлэн, МУИС, Монголын үндэсний музей зэрэг байгууллагын судлаач, мэргэжилтнүүд сайн дураараа нэгдэн оролцсон байна.
Хээрийн судалгааны зардлыг “Огторгуйн цагаан гарьд” сан болон Завхан аймгийн ЗДТГ дотоодын эх үүсвэрээс бүрэн шийдвэрлэсэн гэнэ. ШУТИС-ийн докторант, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мөнхжаргал “Анх 2021 онд Завхан аймгийн Алдархаан сумын үзэсгэлэнт нутгуудадаялж байхдаа энэ газрыг олсон. Б.Явуухулан найрагчийн алдарт “Тэхийн зогсоол” шүлэгт гардаг Хүүшийн өвөлжөөнөөс Хүннүгийн жирийн иргэдийн дурсгал буюу булш, Ямаан-Уснаас язгууртны бүлэг дурсгалыг илрүүлсэн.
61 дүгээр булшнаас илрүүлсэн, хүрлээр хийсэн утлагын сав. Оройн хэсэгт уулс, доод талд нь ус урсаж буй байдлыг дүрсэлжээ
Улмаар 2022 онд ШУТИС-ийн багш, доктор Д.Хатанбаатараар ахлуулсан, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг малтлага хийлээ. Өнгөрсөн жилийн малтлагын үндсэн зорилго нь дурсгалаа таньж, бүртгэлжүүлэх байв. Тухайлбал, хүрэл завьяаны хагархай хэсгүүд, алтан шармал хүрэл морьд, алтан хөөмөл хударга, соёо хэлбэрийн чулуун онго, хаш бал, гоёмсог хийцтэй утлагын сав, суварга хэлбэрийн модон эдлэл зэргийг олж бүртгэсэн. Урьдчилсан байдлаар шашны холбогдолтой эд зүйл байх магадлалтай гэж таамаглан судалж байна. Утлагын савны хувьд НТӨ III-НТ III зууны хооронд Дорно дахинд тархсан язгууртны соёлд хамаарах юм. Үүнийг язгууртанд зориулж цор ганц хувь үйлддэг байсан бололтой. Тэгэхээр уг дурсгалын эзэн Хүннүгийн өндөр дээд язгууртан байх магадлалтай. Өнөө жил илүү өргөн хүрээнд судалгаа хийж, олдворуудад орчин үеийн судалгааны аргуудаар он цаг, генетик, изотопийн шинжилгээ хийлгэн, хүннүчүүдийн талаар цогц дүгнэлттэй болохыг зорьж байгаа. АНУ, БНСУ зэрэг орны судлаачид бидэнтэй хамтарч ажиллахаар хандсан” гэв.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа