“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах явцад бүрэн эрхээрээ далайлган саад учруулж, хамаарал бүхий компанийн оффист хүртэл нэгжлэг хийлгэхгүй байсан УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргахаар болсон талаараа АТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, “Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ. АТГ-ынхан уг саналаа өнгөрсөн долоо хоногт УЕПГ-т хүргүүлээгүй байсан юм. Харин энэ долоо хоногт дээрх гурван хүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа улсын ерөнхий прокурорт өгсөн байна. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад “АТГ-аас энэ сарын 22-нд УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор уг саналтай танилцаж байна” гэсэн юм.
Холбогдох хуулиудад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр мөрдөх байгууллагаас гаргасан саналыг улсын ерөнхий прокурорын хянаж, шийдвэрлэх хугацааг тодорхой заагаагүй учраас АТГ-аас гаргасан баримтуудыг хянаад хэдийд ч УИХ-д хүргүүлэх боломжтой аж.