Боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийв. Замын-Үүдийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн терминалыг барьж дууссан бөгөөд өдөрт 30 орчим автобус, 1200 гаруй зорчигч нэвтэрч буй аж. Харин ачаа тээврийн терминалыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Сүхбаатарын боомтыг бүрэн ашиглалтад оруулахад бэлэн болж, Алтанбулагийн өргөтгөлийн ажил одоогоор 65.5 хувьд хүрсэн бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах гэнэ.
Боршоогийн боомтын бүтээн байгуулалтыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сард хүлээн авсан ч зорчигч тээврийн цогцолборыг нь ирэх тавдугаар сараас бүрэн ажиллуулахаар төлөвлөжээ. Харин Бичигтийн боомтын бүтээн байгуулалтыг 2022 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхлүүлэхээр тендер зарласан ч хойшилж, ирэх сард багтаан дахин тендер зарлах гэнэ. Одоогоор Бичигтийн зөвхөн авто зам барих аж ахуйн нэгжийг шалгаруулаад байгааг ГЕГ-ын Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл дурдлаа. Тэрбээр “Боомтуудын дэд бүтцийг сайжруулах ажлыг хийн, эхнээс нь ашиглалтад оруулж байна. Мөн гаалийн бүрдүүлэлт болон шаардлагатай бичиг баримтыг цахимаар мэдүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж буй. Манай экспортын гол боомт болох Гашуунсухайтын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард эхлүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.