“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхан уламжлалт номын баярыг ирэх тавдугаар сарын 19-21-нд нийслэлийн төв талбайд 33 дахь удаагаа зохион байгуулах аж. Тэд хаврын номын баярт өмнөх жилүүдийн адил багадаа 180 мянган хүн хүрэлцэн ирнэ хэмээн тооцоолж буй юм байна. Үүний хүрээнд хамтарч ажиллах байгууллага, хувь хүмүүсийн жагсаалтыг гаргаж эхэлжээ. Тухайлбал, шинэ номоо нээх зохиолч, яруу найрагч, орчуулагч, номоор дамжуулан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр шинэ бүтээл туурвиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байгууллага, хүмүүс бий, эсэхийг ч судалж, бүртгэж буй ажээ. Баярын үеэр “Номын ертөнц” сэтгүүлээ үнэ төлбөргүй түгээдэг бөгөөд үүнд нийтлэх мэдээлэл ч мөн цуглуулж байгаа гэнэ.