Орхон аймгийнхан мэдээллийн технологийг өөртөө нутагшуулахаар шулууджээ. Үүнд чиглэсэн хөтөлбөр ч хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнийг “Эрдэнэт” ТӨҮГ-ын цахим музейгээс харж болно. Цахим музей Түүхэн замнал, Үйлдвэрлэл, Технологи, Инноваци, Бидний бахархал, “Эрдэнэт” үйлдвэр гэсэн зургаан танхимтай. Тэдгээрийг техникийн ололт ашиглан, сонирхолтойгоор дэглэж байршуулжээ. Жишээ нь, 3D хэлбэрээр, мөн виртуал орчинд орж, уурхайн олборлолт хийгээд дэлбэрэлтийг дэргэдээс нь мэт харж, мэдэрч болно. Тиймдээ ч музей хөл хөдөлгөөнтэй, олны урсгал тасрахгүй.
Монголын эдийн засаг өнөөдөр үндсэндээ Эрдэнэтийн Овоо, Оюу толгой, Тавантолгойн уурхай дээр тогтож буй. Энэ утгаар нь Монголын эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээр “овоглосон” төвийн хэвлэл мэдээллийн газар газрын 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагч олборлолт нь оргил үедээ ирээд буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа. Улсын төсөв, эдийн засаг, уул уурхай бичих, ярих тоолонд эдгээр орд газрууд зүй ёсоор хөндөгдөж байдаг.
Бидний очсон эхний өртөө ил уурхай байлаа. Жил ирэх тусам улам гүнзгийрч буй орд газар. Энд бүхнийг сансраас хянадаг юм байна. Дэлгэрүүлж хэлбэл, 27 хиймэл дагуулын тусламжтайгаар цэг, таслал алгасахгүй нарийвчлалтай мэдээлэл авч, уурхайн үйл ажиллагааг нэгбүрчлэн хянадаг гэсэн үг. Талбайг тойруулж, 3.2-5.6 км зайд WIFI төхөөрөмж тавьсан бөгөөд эдгээр механизмыг 2016 оноос ажиллуулж эхэлж. Ийн уурхайн “тархийг” өдөр бүр хянаж, мэдээллээ дата бааз болгон цуглуулдаг байна. Улсын баатар үйлдвэрийн уурхайчид хоногт 100-гаад мянган тонн хүдэр олборлохын тулд 40-45 мянган шоо метр хөрс хуулдаг аж.
Эдгээртэй танилцсаны дараа зэс молибдений баяжуулах үйлдвэрээр орлоо. "Эрдэнэт" үйлдвэр 6850 ажилтантай. Зөвхөн энд хэсэгт л 1200 гаруй шижигнэсэн залуу ажилладаг. Ил уурхайгаас олборлосон хүдрээ энд хоёр шат дамжлагаар баяжуулах учиртай. Өөрөөр хэлбэл олборлосон 1000 диаметртэй хүдрийг 0.074 болтол нь нунтаглана. Дараа угааж, ашигт эрдсүүдээ ялгаж авдаг. 45 жил ашигласан уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агууламж буурч эхэлжээ. Хүдрийн шинж чанар муудаж, хатуурч эхэлсэн хэмээн ойлгож болно. Энэ нь бүтээгдэхүүний гарц багасаж, чанар муудах, ашиглалтын зардал өсгөх эрсдэл дагуулжээ. Улмаар орлого зарлагын бланс алдагдана. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс тус үйлдвэр цар тахлын үед тасралтгүй ажиллахынхаа зэрэгцээ засвар шинэчлэл тогтмол хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Ингэснээрээ жилд 1.5 тэрбум төгрөг хэмнэж буй.
“Эрдэнэт” үйлдвэр 2022 онд 32.6 тонн хүдэр боловсруулсан. Харин 2023 онд 36.7 сая тонн хүдэр боловсруулах зорилттой. Мөн 2023 оны бүтээн байгуулалтын зардлаа нөхөх аж. Энэ жил зэсийн үнэ тэгтлээ өсөхгүй гэх таамаг бий. Гэхдээ 2024 оноос зэсийн үнэ огцом өсөх өөдрөг таамгийг эрдсийн шинжээчид өгүүлж буй. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийнхэн угтах жилүүдэд 40 сая тонн хүдэр боловсруулна хэмээн тооцоо гаргажээ. Өдгөө жилд дунджаар “Эрдэнэт үйлдвэр” 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт бүрдүүлдэг. Энэ нийт төсвийн 10 гаруй хувь юм. Мөн цар тахлын үед Засгийн газрын тогтоолын дагуу Монголбанкны валютын нөөцийг зузаатгахад эл үйлдвэрийнхэн хувь нэмрээ оруулж, 315 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна. Нэмээд 1 тэрбум 69 сая ам долларыг Монголбанканд арилжсан аж. Дээр нь ковидын үед айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг буюу 1.1 их наяд төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр даасан билээ. Өдгөө тус үйлдвэр хоногт 92.1 мянган тонн хүдэр боловсруулж, 10.3 тэрбум төгрөгийн орлого олж буй.
Засвар, угсралтын цехээр орлоо. Энд 143 ажилтан 13 бригадад хуваагдан ажилладаг. Аварга том хоёр давхар байшингийн дайтай белазыг тэд л засварлана. Белазын нэг дугуйны өртөг гэхэд 80 сая төгрөг. Энэ цехийнхэн жилд 300 гаруй дугуй худалдан авдаг гэх. Он гарсаар эл цехийнхэн Цахилгаан цех болон Баяжуулах үйлдвэрийн цахилгааны албатай хамтарч Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн ММС-1 тээрмийн өндөр хүчдэлийн давтамж хувиргагч болон хөдөлгүүр сольсноо бидэнд хуучилсан юм.
Орчин цагийн уул уурхайн салбарын түүх ууган үйлдвэрийн Эрдэнэтийн овоо ордыг 1963 онд Монгол, Чехийн геологичид нээснээр эхлэлтэй. Гэхдээ үүнээс 200-300 жилийн өмнөх үед хятадууд Эрдэнэтийн овоог ухаж ашиглаж байсан гэх археологийн эх сурвалж, олдвор бий. Үүнийг илтгэх ширмэн тогоо, хүрз, царил ч олджээ.
Ижил төстэй Багануур, Бор-Өндөр, Бэрх, Шарын голын уурхайг ЗХУ-ын үед манайд байгуулж өгсөн. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглээд Булган аймгийн нэг л хороо байсан эл газрыг хот болгож чадсан. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордон, спорт цогцолбор, музей, ажилтан, инженерүүдийн орон сууц цогцоор барьж байгуулж, хот гэх статустай болтол хөгжүүлсэн. Өдгөө тус хоттой адил төлөвлөлтийг Ханбогд, Цогтцэцийн сумынхан уурхайгаа түшиглээд хийж эхэлсэн.
Г.Ёндон: “Эрдэнэт” ТӨҮГ зэс хайлуулах үйлдвэр барихаар судалж байна
2017-2031 онд хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх үндсэн чиглэлээ “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Г.Ёндон танилцуулав.
-“Эрдэнэт” уурхай ТӨҮГ байх нь хангалтгүй, ирээдүйд ХХК, ХК хэлбэрээр үйл ажиллагаа үргэлжлүүлэх болов уу. Ийм заалтууд салбарын хуулийн төсөлд тусгасан. Дэлхийн гурван улс зэсийн хайлуулах үйлдвэр барьж эхэлсэн. Индонез, Энэтхэг, Конго улс. Дэлхийн чиг хандлага өнөөдөр Орос, Хятадад баялгын төвлөрлөөс салах бодлого баримталж буй. Монгол Улс том тоглогч бус. Гэхдээ “Эрдэнэт” ТӨҮГ ч мөн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй. Өмнө нь судалж байсан ч улстөрийн шалтгаанаар гацаж, саатсан түүхтэй. Үндсэн шалтгаан нь фосфоридийн үйлдвэрээс үүдэлтэй. Хүхрийн давхар ислээ саармагжуулж чадахгүй гэж үздэг байв. Одоо технологи хөгжсөн. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн энэ талаар маш олон жил судалгаа хийлээ. Техник эдийн засгийн үндэслэлээ гаргасан. Сүүлд Хятадын төрийн өмчийн уул уурхайн өнгөт төмөрлөгийн судалгааны хүрээлэнтэй хамтраад хагас үйлдвэрлэлийн туршилт хийхэд амжилттай болсон. Үргэлжлүүлээд Шинжианд хүхрийн давхар ислийг нүүрсээр саармагжуулж элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилт хийж буй” хэмээв.
Т.Батмөнх: Цахилгаан хэмнэх судалгаа хийж, шинэ технологи нэвтрүүлсэн
“Эрдэнэт” үйлдвэр гэхээр саалийн үнээ гэхээс бус цаг наргүй зогсох эрхгүй ажилладгийг зарим хүн тэр бүр мэддэггүй байх. Тухайлбал, дээрх үйлдвэрийн нүсэр термүүд жилд 48 цаг л зогсдог. Тиймээс тус үйлдвэрийн тулгамдаж буй асуудал нь ус, цахилгаан. Гэхдээ тус байгууллага гарц гаргалгаагаа олж, хэдийн хэрэгжүүлжээ. Тус үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнх ийн ярьлаа.
-Цахилгаан бол маш том зардал. “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахын тулд цахилгаан эрчим хүчний зардлаа хэмнэх ёстой. Гэвч уурхайчнаас, үйлдвэрээс шалтгаалахгүйгээр цахилгааны үнэ өсөж байдаг. Тиймээс цахилгаан хэмнэх судалгаа хийж, шинэ технологи нэвтрүүллээ. Дээр нь 50 мВт үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьсан. Цахилгаан хэрэглээний гуравны нэгийг хангах хүчин чадалтай. Эрдэнэт үйлдвэр хоногт 120-130 мегаватт цахилгаан хэрэглэдэг. Үйлдвэрийн нэг терм 5-15 мегаватт хэрэглэдэг. Хоёр аймгийн хэмжээтэй цахилгааныг хоногт хэрэглэдэг гэсэн үг. Өдгөө үйлдвэр хоёр термтэй бөгөөд гурав дахь термийн суурийг тавьсан, удахгүй ашиглалтад оруулна.
“Эрдэнэт” үйлдвэр Сэлэнгэ мөрнөөс хоёр шугамаар усаа хангадаг байсан. Дан үйлдвэрээс гадна Эрдэнэтийн аж үйлдвэр хүн амын цэвэр усыг хангаж, тасралтгүй ажилладаг шугам. Анх нэг нь ажиллаад доголдоход нөгөөг сэлгэхээр тооцоолж барьсан. Сүүлийн 10 жил үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хүн ам өссөн учраас хоёр шугамаа зэрэг ажиллуулж буй. 80 хувиар нь үйлдвэрээ, 20 хувиар хүн ардаа хангадаг. Өнгөрсөн онд гурав дахь шугамыг нэмж байгуулж, Хангал голоос усаа татаж эхэлсэн. Одоо хоёр хуучин шугамаа сольж, найдвартай ажиллагаагаа хангавал ирэх 40 жилд аюулгүй байна.
Д.Үүрийнтуяа: Зургаан лиценз авч, геологийн хайгуул хийж байна
Тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж-Үр ашиг” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр уурхайн ирээдүйн нөөцийн талаар ийн мэдээлэл өгсөн юм.
-Ил уурхайн нөөцийг хамгийн анх 16 сая тонн гэж баталж байв. Дөрвөн удаа нөөцийг шинэчилж баталсан. Хамгийн суулд 2.9 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн батлуулсан. Үйлдвэрлэлийг үр ашигтай байгахын тулд газрын гүнд байгаа металлыг газрын гадарга дээр гаргаад баялаг болгох ёстой. Уурхайн насжилтыг уртасгаж, үйлдвэрлэлээ үр ашигтай байлгах үүднээс ажилладаг. Орд гүнзгийрэх тусам хүдрийн агуулга багасдаг. Бид баяжуулж, олон улсын стандартад нийцүүлж гаргадаг. Анх 36 жил ашиглана гэж ярьж байсан. Дараагийн судалгаагаар 46 жилийн нөөцтэй гэж гарсан. Өмнөх судалгаагаар бол уурхай оргил үедээ явж буй. Одоо цааш өгсөх үү, уруудах гэдгээ шийдэхээр дараагийн хайгуулыг эхлүүлсэн. Тодорхой хэлбэл, тэд зургаан лиценз авч, геологийн хайгуул хийж байна. Технологио сайжруулсан учраас жилээс жилд хайгуулын ажил үр дүнгээ өгч байна. Тиймээс нөөц өснө хэмээн үзэж буй. Тооцооллоор бол 60-70 жилийн геологийн нөөцтэй. Ингээд дахин нөөцөө тогтооно. Ерөнхийдөө дэлхийн түвшинд хүрч ажиллаж байна. Ямартай ч эдийн засгийн нарийн үзүүлэлтээр “Эрдэнэт” үйлдвэр Азидаа эхний 10-т багтаж байна.