ЮНЕСКО жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг "Дэлхийн яруу найргийн өдөр" болгон тунхагласан. Энэ өдрийг 1999 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучиршгүй сургаалын шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ринчен "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" хэмээн эх хэлнийхээ яруу сайхныг бахдан, магтсан билээ.
Эл өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "ХХ ЗУУНЫ МОНГОЛ НАЙРАГЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ- Д.ПҮРЭВДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд өнөөдөр болох юм.
Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбараас Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл, "Пүрэвдорж сан", Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй.
Эх хэлнийхээ яруу сайхныг эрхэмлэн дээдлэгч, үг, утгын түшээ эрхэм яруу найрагчдадаа Дэлхийн яруу найргийн өдрийн мэнд дэвшүүлье.