Монголын кино урлагийн хөгжил нь үе үеийн шилдэг бүтээлийн уран чадварын эрэл хайгуулын түүх юм. Уран чадвар гэдэг нь сэдвийн шинэчлэл, дүрийн шинжлэл, агуулгын багтаамжаас эхлээд киноны эд эс бүхний үйлдэл хийгээд эс үйлдлээр илэрч буй дотоод мэдрэмж, гадаад хэлбэршлийн эргэх холбоо гэж болно. Эргэх холбоо гэдэг нь уран бүтээлийн хэлэх гэсэн цөм санааны төвлөрөл, учир зүйн холбоосны уран сайхны шийдэл учраас “Трио” уран сайхны киног энэ үүднээс сонирхон үзэв.
Уран сайхны уг кино бүхэлдээ Д.Баттөмөрийн бүтээл юм байна. Учир нь тэрбээр кино зохиолыг нь бичилцэж, өөрөө найруулж, гол дүрд нь тогложээ. Киноны баг бүрэлдэхүүнийг ажихад гэр бүл, найз нөхдийн хүрээнд ачааны хүндийг үүрч, бор зүрхээрээ зүтгэсэн нь илэрхий. Атгасан гар шиг нэгдэж байж амжилтад хүрдэг хамтын урлагийн бүтээлийн баг бүрдэх нэгэн хэлбэр энэ мөн тул гайхах, эргэлзэх, шүүмжлэх зүйл алга. Харин ч баяр хүргэх учиртай.
“Трио” Монголын кино урлагт хөгжлийн нэгэн шинэ үеийг нээж, эргэлт авчирлаа. Үүнийг хэд хэдэн зүйлээр нотолж болмоор санагдана. Юуны өмнө сэдвийн шинэчлэл. Хэн хэзээ хөгжлийн бэрхшээлтэй монгол хүнийг өмөөрч, зөвтгөн тайлбарлаж, хамт зовж шаналж, монголчууд төдийгүй дэлхийн хүн ардад уран бүтээлээр дэлгэн үзүүлсэн юм бэ. Дауны хам шинжийг “монголойд” гэсэн доромж нэршил дэлхийгээр тарж, одоо ч энгийн амьдралд энэ ойлголт оршсоор байхад “Трио” киноны сэдсэн энэ сэдэв олон улсын хэмжээнд анхаарал татах нь зүйн хэрэг. Нэг хэсэг нь “монголойд” гэхдоромж үгийг дахин сэдрээлээ хэмээндавлагаалах биз. Гэвч давлагаа үүсгэж байж дарж авдаг ёсон буйг амьдрал аяндаа харуулна.
Тус киноны сэдвийн шинэчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд дэлгэн үзүүлсэн, тэр тусмаа Монголтой ямар нэг хэмжээгээр холбогдож, доромж утгыг агуулж байсан дауны хам шинжийг тухайлан сонгосон нь аль ч талаасаа сонирхол татсан юм. Товчоор хэлбэл, энэ киноны амжилтын уг сурвалж нь зөвхөн Монголын асуудал бус, олон улсын түвшинд тулгамдсан асуудал болсон дэлхийн сэдвийг сонгосонд оршино. Үүнийг Монголын кино урлагийн хөгжлийн нэгэн алхам, ур чадварын эрэл хайгуулын чухал эргэлт гэж онцлон авч үзэх учиртай. Гэхдээ киноны ололт амжилтыг зөвхөн сэдвийн шинэчлэлийн хүрээнд авч үзвэл учир дутагдалтай болно.
Энэхүү киноны амжилтын нууц нь уран сайхны оновчтой, зөв, дахин давтагдашгүй шийдэлд баринтаглагдаж буй нь тодорхой. Нэг талаас дауны хам шинж гэгч эмзэг сэдвийг хүний эрх, ёс зүй, хүн чанар, монгол ахуйтай холбож, уран сайхны аргаар төгс төгөлдөр илэрхийлсэн илэрхийлэмж анхаарал татаж байна. Тиймээс Монгол орны байгалийн гайхамшигт зураглал, монгол ахуй, зан заншлын өвөрмөц байдлыг тусгаснаар хэмжиж болохгүй. Тэр бүхэн киноны гол өгүүлэмжийн тодотгол мөн боловч түүнийг дүр, дүрслэлээр хэрхэн гаргасан нь чухал билээ. Тухайлбал, “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэх ухаарлын дор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зовлон, жаргалыг хөндсөн нь сонирхолтой шийдэл байлаа.
Нийгэмд гадуурхагдаж, үеийнхэндээ адлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бодит амьдрал, бодит бус буюу сэтгэлийн амьдрал ямар ая зантай буйг өнгийж нэг харвал үнэхээр өр өмөрмөөр аж. Миний нэг дүү дауны хам шинжтэй байсан тул би энгийн амьдрал дахь төрх байдал, зовлонт үйлийг мэднэ. Өөрөөс нь үл шалтгаалах хувь заяаны өгөгдлийн өмнө хүн гэгч үнэхээр өчүүхэн, залбиран дагахаас аргагүй. Тиймээс зохиолын гол баатар төөрсөн боловч төрсөн дүүгийн асрамжид үлдэлгүй ой тайга, онгон байгаль руу тэмүүлж, тэндээ оршин шингэж байна. Энэ бол энгийн атлаа гайхалтай шийдэл, өгөхөө өгч, авахаа авч чаддаг байгалийн зүй тогтлыг ухаарсны илрэл юм.
Кино бол дүрийн урлаг. Дүр бол амьдралын уран сайхны нээлтийг тээгч, илэрхийлэгч, бодит үзэгдэх зан чанар. Дүр бүр өөрийн араншин, үзэл санаа, төрх маяг, төрмөл шинжээрээ ялгарах учиртай. “Трио” киноны хуруу дарам цөөхөн дүр яг тийм. Дүр бүхэн нь гол дүр мэт содон бөгөөд давтагдашгүй, давагдашгүй уран дүрийн нээлт болсонд энэ бүтээлийн ололт оршино. Энд муу бүү хэл, муухан дүр ч байсангүй. Дүр, харц бүр киноны цөм санааг илэрхийлэх хэрэгсэл болж чадаж байлаа.
Хамгийн богино хальт үзэгдэх хүргэн дүүгийн дүр бараг үг хэлээгүй мөртлөө, эргэж гэрт яах гэж орсон, төгсгөл хавьцаа яагаад үзэгдэхээ больсон зэргээс хэн болох нь төвөггүй танигдана. Жамаагийн багын дүр (Т.Тэлмүүн) яг л бодит байдлыг өгүүлнэ. Хөөрхий дөө, дотор сэтгэлдээ бүхнийг мэдэвч гадагш илэрхийлэх хэлбэрийг нь хязгаарлах дауны хам шинж хэмээх зовлонг өширхмөөр. Ер нь хүн гэгч жаргах гэж зовох, зовох гэж жаргахын заяанд орчлонд заяадаггүй. Тийм атал өөрөөс үл шалтгаалах хувь заяаны зурлага гэгч юу болохыг энд өгүүлнэ. Тиймээс дауны хам шинжтэй хүү кинонд тоглосон нь тэдний эрх ашгийг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөнд тэгш хүртээмжтэй хандах хандлагыг түгээн сурталчлахад чухал алхам болов.
Жамаагийн ээжийн залуугийн дүр (Г.Нармандах)-ийн гуниг тээсэн атлаа энэрэл цацарсан харц, ээж хүний энэрэл хайрыг тултал нь үзүүлж, ялангуяа сүүлчийн амьсгаа татаж буй агшныг гайхалтай илэрхийлсэн (Т.Борхүү) тоглолт, зовлонг гэтэлгэж буян үйлдэхийн үлгэрийг үзүүлсэн лам (С.Болд-Эрдэнэ)-ын үйлийн үр үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй хүчирхэг дүрслэл мөн байлаа. Дүрдээ шингэж, дүр бүтээнэ гэдэг энэ мэтийг л хэлдэг байх.
Киноны оргил дүр нь Жамаа. Жам, жамаа гэх шиг сонсогдоно. Дүрийн зан чанарыг нэрээр нь илэрхийлэх ийм арга түгээмэл байдаг л даа. Энэ дүрийг Д.Баттөмөр гайхалтай бүтээв. Түүнээс өөр хэн ч энэ дүрд тоглох боломжгүй, хэн ч энэ түвшинд дүр бүтээх бололцоогүй мэт санагдана. Би бүр Д.Баттөмөр буюу Батаа чинь төрөлхийн даунтай юм биш биз гэж хүртэл бодох шиг. Дүр гэгч хүний сэтгэлийг энэ мэт эзэмдэх нь ур чадвар юм. Түүний дауныг илэрхийлэх харц хэдэнтээ энгийн болон зэрвэс тунгалагших нь хүртэл энгийн амьдрал, эрүүл орчин руу дөхөж буй дүрслэл мэт санагдав.
...Дотуур цамцны энгэрийн товч задгай, хүзүүндээ хос хонх зүүжээ. Ээжийгээ амьсгал хураасныг ойлгож ядан байснаа учрыг ухаарсан Жамаа хаалга зүглэн эргэн нэг харж түдгэлзсэнээ хаалгыг савчин түлхэж догонцон харайн гарч, гэрийн баруунтаабагтран бархирах нь сонсогдоно. Гэрийн хаалгаар тэртээх модот уулс юу ч болоогүй мэт дүнхийн харагдана. Жамаа бүдүүн нарсан ойн дунд нулимсандаа хөтлөгдөн тэмтчин явах бөгөөд өвгөн нарс түшин аврал хүсэх мэт биеийн хэлэмж нь нэгийг өгүүлнэ. Тэр голын урсгал дагуу шогшсоор байх агаад дөрвөн хунтай зэрэгцэхэд араас нь нэг хун ус мөрлөн цацалсаар нисэн одно. Жамаа явсаар их голын эрэг дэх өгөршин унасан уд модны өвгөн хожуул дээр эхэр татан сууна. Усны толионд уруугаа харсан дүрс жирвэлзэнэ. Манан дундуур хээр морьтой залуухан бүсгүй цогин ирээд хоёр салаа гэзгээ дэвэлзүүлэн цааш эргэх нь хүсийн гүнд эргэцэх ээж нь бололтой. Жамаа жаал тайвширч инээмсэглэн бодолхийлнэ. “Трио” киноны энэхүү жирийн нэгэн дүрслэлд гэхэд хүн, байгалийн хүйн холбоо, дауны хам шинжийн онцлог, ухаарал сэхээрлийн учир зүйн холбоос төвөггүй ойлгогдоно. Гэтэл энд энэ бүхний учрыг ухуулан сэнхрүүлэх ганц ч үг хэллэг, яриа яншаан байхгүй. Үүнийг дөрөөлж зарим хүн “зохиолгүй кино” гэх шивэр авир үг хаях нь үзэгдсэн. Харин ч миний хувьд энэ нь ололт бөгөөд уран сайхны киноны давуу тал нь “зохиол үгүй зохиол” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, дүрийн дотоод сэтгэлийг дүрслэлээр ингэж илэрхийлнэ гэдэг жинхэнэ киноны унаган хэл, хэллэг юм.
Киноны эхлэлийг санаж байна уу. Их тайга дунд ээж нь хүүгээ чаргаар чирч явна. Гэтэл хормын төдийд хүү нь ээжээ чаргаар чирч яваагаар солигдоно. Ээж, хүү хоёр аль аль нь жаргалтай. Энэ бол монтажны алдаа бус, цаг хугацааны товчлолыг илэрхийлсэн өгүүлэмж юм. Киноны төгсгөлд эхлэлийн нэгэн дүрслэл давтагдаж буйг анзаарав уу. Цаст их тайгыг чанх дээрээс нь харахад ой модод зул цэцэг шиг үзэгдэнэ. Тэрхүү цав цагаан “цэцэгсийн” дунд тэрийн хэвтэх дүрс хар цэг мэт харагдана. Энэ бол хүмүүн гэгч бодгаль байгалиас төрж, байгальдаа шингэж буй хувь тавилангийн зурлага мэт санагдана.
Энэ дүрслэл киноны агуулгатай холбогдоно. Мод цавчих мэт дуунаар тэнгэр тийш халиахад аврал эрэх мэт моддын толгой бөхийжээ. Цас бударна. Эсгий гуталт нэгэн моддын дунд тэмтчин явсаар мөс хагалж буй үхэр тэрэгтэнд очиж, элгэнд нь наалдан тэврүүлэх нь ээжтэйгээ уулзаж буй дурсамж байсан юм санж. Сахал нь мөстөн цантсан Жамаа харуусан мэгших нь түүний дотоод сэтгэлийг үг яриа өнгө будаггүйгээр зураглана. Орой нь шаргалтаж мөрлөн зэрэгцсэн мөнгөлөг цагаан хусны наана үзэгдэх нэг үндэс бүхий их, бага хоёр салаа модны моносон ягаан навчис дэргэдүүр нь өнгөрөх Жамаагийн зүг сүрэглэн “бороошиж” даган намирна. Жамаагийн сэтгэлийн мэгшилтийг моддын навчисны бороо мэт мэлмэрэлт ийнхүү илэрхийлэх аж. Байгаль эх, хүмүүн заяатны хүйн холбоог илэрхийлэх энэ мэт найруулагчийн сонирхолтой шийдэл хөглөрч, хөвчирч, хөг ая хөглөж буй нь энэ киноны баялаг юм.
“Трио” киноны бас нэгэн талархууштай эрхэмлэл нь энгийн, чөлөөт хэлбэрээр эмзэг сэдвийг зөөллөж, аль болох амьдралын хэм хэмнэлийг өгүүлэхийг зорьсонд оршино. Тиймээс З.Хан галын “Бодол” аязыг Д.Түвшинсайханы шинэчилсэн найруулгаар киноныхоо хөгжмийн дэвсгэр аялгуу, дуу болгож С.Жавхлан дуулсан нь сонирхолтой шийдэл болжээ. Ер нь киноны хөгжим бол тухайн бүтээлийн зүс өнгийг тодорхойлогч, зөн совинт зүүдэн аялгуу байдаг.
Үгээр хэлж, дүрээр илэрхийлэхийн аргагүй тэр дотоод сэтгэлийн гүн дэх эмзэглэл, эргэлзлэл, элдэвлэлийг ая эгшигт хөгжмийн аялгуу л дүрсэлж чадна. Энэхүү киноны гэрэл гэгээтэй агуулга, зөөлөн ай мэт хүмүүнлэг сэтгэлгээ, байгальлаг эрчим хүчний шидэт долгис тараг мэт эсэн бүрэлдэхэд хөгжим чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Уг киноны хамгийн талархан магтууштай уран бүтээлч бол зураглаач Г.Баттулга байлаа. Дүр бүрийн зан чанарын ялгарлыг чухам тэр л зураглан буулгасан. Монгол орны байгалийн гайхамшигт дүрслэлийг дөрвөн улирлын дүр төрхөөр тэр л дэлхий даяар дэлгэн үзүүлэв. Энэ киноны тухайтад найруулагчаас илүү зураглаачийн сэрэл, сэтгэлгээ, хөдөлмөр нь уран сайхны түлхүүрийн үүргийг түлхүү гүйцэтгэсэн гэж хэлж болохоор байна. Ялангуяа киноны гол хэлэмж болсон харцаар тоглох үггүй тоглолт, дауны хам шинжийн өрөвдөм шинж, сэтгэлгээний удаашрал зэрэг бэрх оюун дүрслэлийг тэрбээр амжилттай шийдвэрлэж чадсан юм. Зохиолчийн санаа, найруулагчийн шийдэл, жүжигчний тоглолтын донж маяг, гүн санааг гүйцээн зураглагч нь яалт ч үгүй зураглаач мөн болохыг энэ кино яруу тодоор харуулав.
“Трио” киноны хамгийн далайцтай шийдэл нь нийгэмд хандсан хандлага юм. Чухам энэ киноны ачаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа дауны хам шинжтэй хүүхдэд тулгамддаг асуудал олон нийтийн төдийгүй олон улсын анхаарлын төвд орж ирлээ. Дауны хам шинжтэй хүүтэйгээ амьдардаг ганц бие эх нас эцэслэхэд ямар асуудал үүсэх вэ. Үлдэж буй хүүхэд нь бие даан амьдрах боломжоор хомс. Хүний эрх, тэгш боломжийг дээдэлдэг шинэ ертөнцөд энэ бол нийтлэг бэрхшээл, аюулын харанга. Бие болоод оюун ухааны хөгжилд удаашрал үүсгэдэг дауны хам шинж, хүний тархины сэтгэлгээний хурдыг гажуудуулж илүү сэтгэдэг аутизмын ааш араншинг яалтай билээ. Ийм байдал түгээмэл учраас “Трио”-гийн сэдэв дэлхийн сэдэв болон хувирлаа. Дауны хам шинж нь ХХ зуунд төдийгүй шинэ зуунд ч хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг байсаар байна.
Дэлхийн ийм түгээмэл сэдвээр дамжуулж дауны хам шинжийг “монголойд” гэж нэрлэж байсан доромж ойлголтыг нэг мөр залруулахад олон улсын анхаарлыг хандуулахыг зорьсноороо “Трио” нийгэмд хандсан томоохон асуултын тэмдэг болов. Тэртээ 1866 онд физикч Жон Лэндон Дауны тодорхойлсон дауны хам шинжийг монгол хүний төрхтэй адилтган “монголойд” гэж нэрлэсэн нь буруу гэдгийг 1965 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас залруулсан билээ. Гэвч олон улсын түвшинд, олон нийтийн дунд энэхүү ойлголт, нэршил байсаар байгаа нь үнэн. Тиймээс “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэх хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн уриа дуудлагаар “Трио” олон улсын хэмжээнд өргөн хүрээ үүсгэж, “монголойд” гэх бүдүүлэг нэр томьёог залруулж байна.
“Трио”-г бүтээхэд жүжигчин, найруулагч, зохиолч Д.Баттөмөрийн баг гурван жил уйгагүй хөдөлмөрлөжээ. Энэ бол өнөө цагт ховор жишээ. Кино зохиолыг Д.Баттөмөр хуульч О.Алтангэрэлийн хамт бичсэн юм. О.Алтангэрэл “Хүний сэтгэл, мэдрэмжийн тэр хүрэх хязгаараас илүү амьдарч байгаа энэ хүмүүс харахад дутуу юм шиг боловч мөн чанартаа илүү амьдарч буй. Энэ хүмүүсийг хэрхэн яаж үзүүлэхээс киноны гол шугам тодорхойлогдсон” гэсэн нь уран бүтээлчдийн зорилгын томьёолол мөн байна. Нэгэнт зохиолын нэвтрэн гарах улаан шугам болсон энэ үзэл санааг уг киноны продюсер, Монголын дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг нарын мэргэжлийн хүмүүс зүглүүлж чиглүүлж байсан нь тодорхой билээ.
Энэ бүхнийг киноны нэрээс ухаарч болно. Үүнийг Д.Баттөмөр “Трио” кинонд буддын шашин, хүн байгаль, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг уяж зохиолоо бичсэн” гэж тайлж байна. Гэвч энэ нь өнгөн хэсгийн тайлбар юм. Үнэн чанар нь дауны хам шинжийн мөн чанараас урган гарсан гэж үзэж болно. Учир нь дауны хам шинж нь 21 дэх хромосом хос биш, гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал. Тиймээс 2006 оны гуравдугаар сарын 21-нд анх Дэлхийн дауны өдрийг зарлахдаа сар болон өдрийг 21 дүгээр хромосомын гурвал хэмээх нэр томьёотой адил байхаар сонгосон билээ. Тэгэхээр “Трио” буюу гурвал гэх киноны нэр нь хамрах хүрээ, зорилго, мөн чанарын хувьд агуулгаа бүрэн илэрхийлж байна. Тэгээд ч дэлхийд хандаж, олон улсад тархаах, кино наадмуудад оролцох үндсэн зорилгын үүднээс англи, худам монгол бичгээр бичиж, товч тодорхой нэршүүлж, үйл явдлыг хадмал орчуулгын хамт дэлгэцнээ амилуулсан нь оновчтой болжээ.
Монголын бүрэн хэмжээний уран сайхны эл кино эдүгээ олон улсад шуугиан тарьж буй. Ийм богино хугацаанд дэлхийд түгж, олон улсын наадмын шагналыг түүсэн тохиолдол Монголын киноны хувьд урьд өмнө байгаагүй. “Трио”-г бүтээгчдийн нэг, продюсер Г.Булгантамирын мэдээллээс үзэхэд “Эх бүрдийн домог”-оос хойш 46 жилийн дараа буюу 2022 онд “Трио” уран сайхны кино олон улсын А зэрэглэлийн наадмаас шагнал хүртэв. Тодруулбал, Варшавын олон улсын кино наадмаас “Best audience” буюу “Үзэгчдийн таашаалд хүрсэн” шагнал хүртсэн. Мөн энэ богино хугацаанд “Трио” нь Тайландын олон улсын наадмын “Шилдэг кино”, АНУ-ын “Палм спрингс” наадмын “Шилдэг зураглаач”, “Улаанбаатар” олон улсын наадмын “Шилдэг продюсер”, Таллины “Хар шөнө” наадмын “Фестивалийн шилдэг кино”, Монтреалын наадмын “Шилдэг найруулагч”, Евразийн “Арт юнайтэс” наадмын “Шилдэг кино”, БНСУ-ын Чонжугийн олон улсын наадмын “Шилдэг кино” шагнал хүртээд байна. Одоогоор тус кино дөрвөн тивийн олон улсын кино наадмаас найман шагнал хүртээд байгаа нь Монголын киночдын бахархал юм.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан “Трио”-г НҮБ-ын Женев дэх төв байранд толилуулж буй нь Монголын киноны хөгжлийн түүхэнд тэмдэглэлт үйл явдал гарцаагүй мөн. Ийм тохиолдол манай кино урлагийн түүхэнд урд өмнө гарч байсангүй. Тэгвэл “Трио” энэ бүхнийг хийж чадлаа. Монголын соёл урлагийн дээд түвшний дэн буудал нь дэлхийн дэвжээ юм. Киночид дэлхийн дэвжээнд зодоглож эхэллээ. Залуу уран бүтээлчид судалгаатай, сурталчилгаатай, бас хийморьтой байна. Гайхамшигт “Трио” киног бүтээн туурвисан Д.Баттөмөр тэргүүнтэй баг хамт олноор бахархаж байна. Энэ бол Монголын кино урлагт хийж буй тэдний тэсрэлт, сэргэлт, эргэлт юм. Чухамхүү дэлхийн дэвжээнд Монголын киночдыг төлөөлж дэлгэцийн урлагийн хөгжлийн их боломжийн үүдийг нээж, үйлийг манлайлж буй залууст төр, түмэн минь урам хайрла.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар