МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Р.Дарьхүүтэй ярилцлаа.
-Тантай манай улстөрчид, тэр дундаа төрийн өндөр, дээд албанд ажиллаж буй УИХ-ын гишүүд, сайд зэрэг албантушаалтныёс зүйн талаар ярилцах гэж байгаа учраас эхлээд “ёс зүй” гэсэн ойлголтын талаар тайлбарлуулах гэсэн юм.
-“Ёс зүй” гэсэн шинжлэх ухааны нэр томьёог манай нийгэмд дураараа, замбараагүй хэрэглэж байгаа. Жишээ нь, “ёс зүйтэй хүн” гэж ярих нь буруу. Ер нь“математиктай хүн”, “физиктэй хүн” гэж ярьдаггүй биз дээ. Мөн энэ нэр томьёог манай хууль тогтоогчид их буруу хэрэглэж байна. Уг ньёс зүйн хариуцлага биш, ёс суртахууны хариуцлага, ёс зүйн зөрчил биш, ёс суртахууны зөрчил юм л даа. Ёс зүй нь одоогоос 2500 жилийн тэртээ эртний Грект үүссэн философи мэдлэгийн үндсэн салбар ухаан юм. Өөрөөр хэлбэл, философитой хамт үүсэж, хөгжиж ирсэн бөгөөд “ёс суртахуун” гэх нийгмийн оюун санааны чухал үзэгдлийг судалдаг онолын мэдлэг. Өөрөөр хэлбэл, ёс зүйн судлагдахуун нь ёс суртахуун. Ёс зүйн судлагдахуун болох ёс суртахуун ньбид бүхний хамтран амьдрах үндсэн арга хэрэгсэл, хүний амьдралын утга учир, үнэ цэнийг тодорхойлох нэг хэмжүүр болдог, хувьхүний оюуны үнэт хөрөнгө юм. Энэ ньёс суртахууны ухамсар, харилцаа, үйлдэл, үйл ажиллагаа гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. Ёс суртахуун ийм өргөн агуулгатай тул үүнийг судалдаг шинжлэх ухааны олон салбар бий. Тухайлбал, сэтгэл судлалын шинжлэх ухаанд ёс суртахууныг сэтгэл хөдлөлийг удирдах, захирах, чиглүүлэх арга хэрэгсэл, сэтгэлийн үзэгдэл болох талаас ньсудалдаг байх жишээтэй.
Харин социологи нь ёс суртахуун бол нийгмийн харилцааг зохицуулах хэм хэмжээ, нийгмийн нэг институт гэдэг утгаар судалдаг. Мөн шашин судлалд хүнийг энэрэнгүй, нигүүлсэнгүй үзлээр хүмүүжүүлэх арга хэрэгсэл талаас нь голлон тайлбарладаг. Тиймээс ч шашны сургаалаар л ёс суртахууныг төлөвшүүлнэ гэж ярих хүмүүс ч бий. Ёс зүй бол зөвхөн сургаал, номлол биш. Үе үеийн философичид ёс зүйн асуудлаар тусгайлан зохиол, бүтээл бичиж ирсэн. Тухайлбал, эртний Грекийн философич Аристотель ёс суртахууны асуудлаар “Никомахын ёс зүй”, “Эвдемийн ёс зүй”, “Дээд суртахуун” гэсэн гурван зохиол бичсэн байдаг. Энэ бол ёс зүй болон ёс суртахуун нь түүхийн аль ч цаг үед хүн төрөлхтний амьдралд ээдрээтэй, тулгамдсан, чухал асуудал байсныг илтгэнэ.
Ёс зүйг хүн байхуйд суралцах ухаан гэж хэлж болно. Энэ бол хүн хүнтэйгээ харьцах ёс суртахуу ны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх үндсэн зарчим, хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүн гэж ойлгож болно. Үүнийг ердийн ухамсрын түвшинд ихэнхдээ зөв амьдрах ухаан ч гэж үздэг.
-Та мэргэжлийн ёс зүйн талаар нэлээд ярьдаг. Үүнтэй холбоотойгоор асуухад “УИХ-ын гишүүд, парламентчдын ёс зүй” хэмээх зүйл нь тусдаа ойлголт уу. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн ёс зүйг өндөрт тавьж, тэр хэмжээний ёс зүйг тэднээс нэхэж, шаардах нь зүйн хэрэг мөн үү. Улстөрчдийн ёс зүйн онцлог нь юу байдаг юм бэ?
-Энэ бол мэргэжлийн ёс зүйн асуудал. Орчин үед дэлхий нийтээрээ мэргэжлийн ёс зүйн боловсролд их ач холбогдол өгч, анхаарч байна. Улстөрч бол хамгийн хариуцлагатай, чухал мэргэжил. Мэргэжил бүр өөрийн онцлогтой ч улстөрчийн ёс суртахууны үүрэг, хариуцлага илүү өндөр байх ёстой. Улстөрчдөд мэдлэг, туршлагаас илүү нэн тэргүүнд тавигдах шаардлага нь мэргэжлийн ёс зүй. Тэдний өмнө нийгэмд ёс суртахуунаараа манлайлах, үлгэр дуурайл үзүүлэх гэсэн чухал шаардлага тавигддаг. “Ёс суртахууны үлгэр дуурайллыг хаанаас авдаг вэ” гэж оюутнуудаасаа асуухаар нийгмээс, тэр дундаа багшаасаа, улстөрчдөөс авдаг гэж олонх нь хариулдаг. “Багш аа, та шударга, хүнлэг, хариуцлагатай бай гэдэг ч улстөрчид ёс зүйгүй байхын үлгэр дуурайлыг үзүүлж, худал ярьж, хулгай хийж, зарим УИХ-ын гишүүн хуралдаа ч суухгүй байна шүү дээ” гээд тэдний ёс суртахууны ухамсар, харилцааны ёс зүйтэй холбоотой олон алдааг нь хэлдэг. Мэдээж бүх улстөрчийг ёс суртахууны доголдолтой гэж хэлэхгүй. Аристотелийн “Дээд суртахуун” зохиолд “Ёс зүй бол улс төрийн ухааны бүрдэл хэсэг. Ёс суртахууны хувьд боловсроогүй хүн улс төрд оролцох хэрэггүй” гэж тодорхой хэлсэн байдаг. Улстөрчид ёс зүйн талаар уншиж, суралцах шаардлагатай нь эндээс харагдаж байгаа биз дээ. Улстөрчдийн ёс зүйн онцлог нь илүү их хариуцлагатай, үнэнч шударга, хувийн эрх ашгийн төлөө бус, нийтийн сайн сайхны төлөө ажиллахад оршино.
УЛСТӨРЧИД ЁС СУРТАХУУНЫ ЗӨРЧИЛ ГАРГАСАН Л БОЛ КАРЬЕР НЬ ДУУСАХ ХҮРТЭЛ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙНА
-Уг нь энэ удаагийн парламент өмнө нь дэд хороо байсан бүтцийг өргөтгөж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороотой болж, УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлаад байгаа. Эдгээр механизмын ач холбогдол хийгээд үр дүнгээ өг ч байгаа, эсэх талаар та байр сууриа хуваалцахгүй юу?
-Ёс зүйн дүрэм нь аль ч салбарынхны хувьд мэргэжлийн хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэх, ёс суртахууны алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Түүнээс хүнийг шийтгээд, ажил амьдралгүй болгох нь ёс зүйн дүрмийн гол зорилго биш. Хамгийн гол асуудал нь УИХ-ын зарим гишүүн Ёс зүйн дүрмээ хэрэгжүүлэхгүй байгаад оршиж байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм нь их ерөнхий, орчуулгын шинжтэй, гадаад улс орныхоос хуулбарласан байдалтай. Тухайлбал, дүрмийн нэг чухал хэсэг болох ёс суртахууны хариуцлага хүлээлгэх заалт нь их ерөнхий. Иймээс тодорхой хариуцлага тооцож чадахгүй байна. Зарим гишүүн ёс суртахууны зөрчил гаргаж л байдаг, байнгын хороо нь хэлэлцдэггүй, хариуцлага тооцдоггүй. Хариуцлага тооцлоо ч үр нөлөө багатай. Олон улсын практикаас харахад, улстөрчид ёс суртахууны зөрчил гаргасан л бол улс төрийн карьер нь дуусах хүртэл хатуу хариуцлага тооцож байна. Ингэж байж л ёс суртахууны зөрчил багасна. Ёс зүйн дүрэмд манайх шиг сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хариуцлага тусгаад хэр нөлөөлөх бол. Мөн УИХ-ын зарим гишүүн хурал дээрээ хоорондоо харилцаж байгаа харилцааны ёс зүйг нь харчих. Мэргэжлийн ёс зүйн хороо, зөвлөл нь мэргэжлийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлдэг хамгийн гол байгууллага нь байдаг. Гэтэл манайд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь тийм ч хангалттай сайн ажиллахгүй байна.
-Тэгвэл ёс суртахууны хариуцлага хүлээх гэдгийн мөн чанар нь юу юм бэ?
-Хүн эрх чөлөөт амьтан болохын хувьд үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээх учиртай. Хувь хүн ёс суртахууны хариуцлага хүлээхтэй холбоотой Германы философич И.Кантын дэвшүүлсэн ёс суртахууны үүрэг, хариуцлагын онол гэж бий. Энэ онолоор хүний аливаа үйл ямар нэгэн ашиг хонжоог хайх бус, ёс суртахууны үүргийг ухамсарласан, хариуцлагатай үйлдэл байх ёстой. Тухайн хүний ёс суртахууны төлөвшлийн хэмжүүр нь түүний ёс суртахууны хариуцлага байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг өөрт оногдсон ёс суртахууны үүрэг, хариуцлагын дагуу хийж байвал тэр нь ёс суртахуунтай үйлдэл, үйл ажиллагаа болно гэсэн үг. Гэтэл өнөөдөр манай нийгэмд ёс суртахууны хариуцлага хүлээх талаарх ойлголт, ёс зүйн боловсрол харьцангуй муу байна. УИХ-ын гишүүд гэлтгүй жирийн иргэдээсээ авхуулаад ёс суртахууны хариуцлага алдсан ч түүнийгээ байдаг л зүйл мэт хүлээн зөвшөөрөөд явж байна. Ёс суртахууны хариуцлагын утга агуулга, үнэ цэнийг ойлгосон Япон зэрэг оронд иргэд жижиг боловч алдаа, зөрчил гаргавал шууд өөрөө өөртөө хариуцлага хүлээгээд, улстөрчид нь үүрэгт ажлаасаа огцрох жишээтэй. Ёс суртахууны хариуцлага нь хүний хөгжил, ёс суртахууны төлөвшлийн чухал суурь болдог нь эндээс харагдана. Ёс суртахууны хувьд хариуцлагатай байна гэдэг нь аливаа ажил хэрэгт үнэнч, шударга, хүнлэг, амин хувийн ашиг сонирхлоосоо татгалзаж, нийтийн сайн сайхны төлөө байх чадвар юм. Ер нь ёс суртахууны хариуцлага гэдэг чинь хуулийн хариуцлагаас ч хатуу гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хүнд насан туршид нь айхтар хариуцлага тооцож байна шүү дээ. “Авлигачийн хүүхэд” гээд өөрийг нь төдийгүй үр хүүхэд, үе удмаар нь цоллох хэцүү биш гэж үү. Саяхан авлигын хэрэгт холбогдсон нэгэн албан хаагч “Миний хүүхэд дөрөв хоног нүдээ дов болтол уйлсан” гээд бичсэн байна. Хүүхдийн уйлах шалтгаан өөрийнх нь хариуцлагагүй байдал гэж ойлгохгүй л байгаа юм. Ёс суртахууны хариуцлага ийм хатуу байдаг. Ёс зүйн дүрэмд нь ийм алдаа зөрчил гаргаж болохгүй гэж заасаар байтал зөрчиж буй нь тухайн хүний ёс суртахууны боловсрол нь ердийн ухамсрын түв шинд байгаагийн илэрхийлэл. Тиймээс улстөрчид ёс суртахууны хариуцлагын талаар онолын түвшинд гүн гүнзгий судалж, суралцах хэрэгтэй.
УЛСТӨРЧДӨД ЁС ЗҮЙН СУРГАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
-Ёс суртахуунтай байхад сурч, сургана гэсэн үг үү?
-Ёс зүйн боловсролыг ном, сурах бичиг, сургалтаар олгохгүй, заадаг юм биш гэж ярьдаг хүмүүс байдаг. Ёс зүй гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй хүнээс ямар ёс зүй шаардах вэ. Аяндаа ёс суртахуунтай болно гэж байдаггүй. Мэргэжлийн ёс зүйн талаар амьдралаас суралцахаас гадна заавал онолын мэдлэгийг хослуулах ёстой. Мэргэжлийнхээ нэр хүндийг унагаахгүй байхын тулд ёс зүйн практик мэдлэгийн зэрэгцээ онолын түвшинд суралцаж эзэмших нь чухал. Онолын мэдлэг бага байгаа учраас улстөрчид ёс суртахууны зөрчил гаргаж, өөртөө болон нийгэмд ихээхэн хор хохирол учруулж байгаа. Тэдэнд мэргэжлийн ёс зүйн боловсролыг тасралтгүй олгох ёстой. Мэргэжлийн ёс зүйн дүрэм батлаад хэрэгжихгүй байгаа нэг шалтгаан бол энэ боловсролыг нь тасралтгүй дээшлүүлэхгүй, сургалт хийхгүй байгаа явдал юм. Жишээ нь, ёс суртахууны доголдолтой улстөрчдөд улирал тутам ч юм уу, тодорхой давтамжтайгаар ёс зүйн сургалт, семинар хийх хэрэгтэй. Тухайлбал, энэ улиралд ёс суртахууны ямар алдаа, зөрчил гарсан, түүний шалтгаан, үр дагаврын талаар онол-практикийн хэлэлцүүлэг хийж болно. “Хүн хэлэхээс наашгүй” гэдэг шүү дээ.
-Төрийн, тэр дундаа УИХ-ын гишүүдийн нэр хүнд парламентаас парламентад, жилээс жилд унаж, легитим шинжээ алдаж байна гэж ярих хүн цөөнгүй болж. Та үүнтэй санал нийлэх үү. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн ёс зүйд тааруу дүн тавиад байх шиг.
-Зарим талаар санал нийлнэ. УИХ-ын бүх гишүүнийг мэргэжлийн ёс зүйн хувьд муу гэж хэлэхгүй ээ. Гэхдээ мэргэжлийн ёс суртахууны хувьд төлөвшөөгүй, шалгуур хангаагүй хүмүүс бий. УИХ-ын нэр хүнд унахад тэдгээр гишүүний ёс суртахууны доголдол нь нөлөөлж байгаа. Тэдгээр гишүүнд хариуцлага хүлээлгэх ёстой. УИХ-ын гишүүнийёс зүйн асуудал өнөөдөр нийгэмд анхаарал татах болсон. Тийм учраас УИХ энэ асуудалдаа онцгой анхаарах шаардлагатай.
ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮН ЯМАР Ч НӨХЦӨЛД ААШ АВИРАА ХЯЗГААРЛАЖ ЧАДДАГ
-Хүний нэр дурдаад яах вэ, нэгэн кэйсийн талаар асууя. Хувийн амьдрал, ар гэртээ гаргасан зохисгүй үйлдлийнх нь төлөө ёс суртахууны хариуцлага нэхэхээр миний ажил, албан тушаалд энэ асуудал хамаагүй гэж тайлбар хийх гишүүн байна. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх талаар заасан. Дүрмийн энэ заалт зөрчигдөж байгаа юм. Ер нь ёс суртахууны хувьд төлөвшсөн хүн гэртээ, эсвэл албан ажил дээрээ байх, ямар ч нөхцөлд ааш авираа хязгаарлаж чаддаг. Мэргэжлийн хувьд хэчнээн өндөр боловсролтой хүн байлаа гээд ийм үйлдэл хийсэн бол ёс суртахууны хувьд сайн төлөвшөөгүй байна гэсэн үг. Ёс суртахууны хувьд төлөвшсөн хүн л улс төрд орох ёстой.
-Ёс суртахууны алдаа, зөрчилгаргасанУИХ-ынгишүүдэдёсзүйндүрмийнх ньдагуу зохих хариуцлага тооцохгүй байгаа нь ямар үр дагавартай вэ?
-Ер нь аливаа нийгэмд гарч байгаа ёс суртахууны алдаа, дутагдлыг цаг алдахгүй шүүн хэлэлцээд, шударгаар хариуцлага хүлээлгэх нь хаана, хаанаа ач холбогдолтой. Харамсалтай нь, манайд тэгж чадахгүй байна. Бүх мэргэжил, салбарт ёс зүйн алдаа тасрахгүй байна шүү дээ. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь сайн ажиллах ёстой. Олон гишүүн хуралдаа суудаггүй, хурлаас хоцордог нь жирийн үзэгдэл болчихсон байна. Хуралдааныхаа 40-50 хувьд нь суугаагүй гишүүнтэй яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ. Хүн чинь муу юманд автаж, уусахдаа амархан байдаг шүү дээ. Ёс суртахууны алдаа зөрчил гаргасан УИХ-ын гишүүдэд ёс зүйн дүрмийнх нь дагуу зохих хариуцлага тооцохгүй байгаа нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, төрийн албаны нэр хүнд унах, улс орны болон иргэдийн эрх ашгийг хохироох зэрэг олон сөрөг үр дагавартай.
-Тэгэхээр эхлээд нийгмээ нийтээр нь ёс суртахуунтай болгох уу. Эсвэл төрийн дээд шатанд өндөр ёс суртахуунтай хүмүүсийг шилж, сонгож гаргасан нь дээр үү. Аль алхмыг нь түрүүлж хийвэл зохилтой вэ?
-Аль аль нь чухал, харилцан уялдаатай зүйл л дээ. Гэхдээ монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Тиймээс юуны өмнө дээрээсээ, улстөрчдөөсөө эхлээд шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай байх ёстой. Улс төрд ёс суртахууны хувьд төлөвшсөн иргэдийг л оруулах нь чухал гэж хэлээд байгаагийн учир нь энэ. Ёс суртахууны хувьд төлөвшөөгүй буюу хариуцлагагүй, шударга бус хүмүүс улс төрд орж ирээд, ёс суртахууны алдаа зөрчил их гаргаж байна. “Хөгжлийн банк”, “нүүрсний хулгай”, “ЖДҮ-гийн” гэх хэрэг гээд олон асуудалд яагаад УИХ-ын гишүүд нь нэг, хоёроороо биш, нэлээд олноороо холбогдоод байгаа юм бэ. Нөгөө талаас нийг мийг бүрдүүлэгч эд эс нь хувь хүн учраас иргэдийн ёс суртахууны боловсролд ч анхаарах шаардлагатай.
-Манай улстөрчдөд ёс суртахууны хувьд хамгийн их дутагдаж буй, алдагдсан, үгүйлэгдэж байгаа чанар, хэм хэмжээ гэвэл та юуг нэрлэх вэ?
-Товчхондоо олонх улстөрчид ёс суртахууны хариуцлага, иргэдийнхээ болон улс орныхоо сайн сайхны төлөө байх ёс суртахуун, шударга ёс хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Үүний шалтгаан нь тэдгээр улстөрчийн ёс суртахууны боловсрол хангалтгүй байгаатай шууд холбоотой.
-Нийгмээрээ ёс зүйтэй, хувь хүн бүр ёс суртахуунтай байхын тулд яах ёстой юм бол?
-Үүний тулд ёс зүйн боловсролын талаар төрөөс баримтлах бодлого тодорхой байж, түүнийгээ сайтар хэрэгжүүлэх нь чухал. Иргэд ч бас өөрсдөө ёс суртахууны үнэ цэнийг ойлгож, ухамсарлаж, өөрчлөгдөх шаардлагатай. Ёс суртахууны боловсролын асуудлаар төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хамтран ажиллах хэрэгтэй.