Манай улс энэ сарын 10-16-нд 1.41 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 378 хувь буюу 3.8 дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Ингэснээр 2023 он гарснаас хойш 11.05 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9.2 сая тонноор буюу тав дахин нэмэгдсэн гэсэн үг. Харин энэ он гарснаас хойш 285.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон аж. Төмрийн хүдэр, баяжмалын хувьд 1.05 сая тонныг худалдсан нь 2022 оныхоос 116.8 хувиар илүү гэнэ. Төв банк энэ оны эхнээс хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 1.84 тонналт худалдан авчээ. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 25 хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 30.3, зэсийн баяжмалынх 20.4, төмрийнх 12.5, алтных 9.2, газрын тосных 14.9, цайрынх 52.2, хайлуур жоншных 35.4 хувьтай байгаа аж.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 109 247 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 бензиний 6178 (37 хоногийн), АИ-92-ын 26 401 (21), АИ-95 бензиний 4918 (37), дизелийн түлшний 68 875 тоннын (28) нөөцтэй байсан гэнэ. Онгоцны түлшний хувьд 20 хоногийн нөөцтэй аж. Тэгвэл Улаанбаатарын хэмжээнд нийт 57 356 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Манай улс 2023 он гарснаас хойш 416.4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэнэ. Үүний 5.5 мянган тонн нь А-80, 120.7 мянга нь АИ-92, таван мянга ньАИ-95/98, 241.4 мянга нь дизелийн, 8.5 мянга нь онгоцны түлш, 11.1 мянга нь Жет А-1, 23.9 мянга нь бусад бүтээгдэхүүн юм.