Цас хайлж, хонхор газарт шалбааг тогтон, гүдгэр хэсэг нь хог овоорсон Улаанбаатарын хавар ирлээ. Хавар болмогц бид ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхгүй болтлоо тортогт дарагдсан хөшөө, замын хашлага, тоглоом, сандалтай, тамхины иш, гялгар уут, хуванцар сав хөлгөрсөн зам талбайтай, ер нь тун бохир хотод аж төрж буйгаа илүүтэй мэдэрдэг. Нийслэлийн аль ч дүүрэг, хороо дахь хогийн цэгт хог овоорч, орон сууцын бункер сагаж дүүрсэн, эвгүй үнэртэх нь түгээмэл. Ялангуяа үйлчилгээний төв, цэнгээний газар олонтой Баянгол дүүрэг хогтоо дарагджээ. Өнгөрсөн баасан гаргийн 09.00 цагаас тус дүүргийн III, IV хорооллоос Гандантэгчэнлин хийд, “Бөмбөгөр” худалдааны төвийг чиглэн хоёр км гаруй алхлаа. Автомашины замын урд талаар хаа сайгүй хог хөглөрөх аж. ТҮЦ-ийн хажууд цаасан хайрцаг овоолж, мөн жижиг хэмжээтэй хогийн савнууд дахь хог нь хальж, авто замын хашлагад тамхины иш шигсэн байв. Гандангийн дэнжийнгэр хороолол дунд ч хаа сайгүй хог, шар усны шуудуу нь хогоор дүүрч, гудамжны булан тохой нүүрсний тортогт харлаж харагдана. Ер нь Улаанбаатарт тэнд тийм хог, энд ийм тортог байна гэвэл тоочоод барагдахгүй. ТҮК-ийн ажилчид 05.00 цагаас эхлэн өдөржин энд, тэнд бөртөлзөн цэвэрлэж харагддаг. Ийнхүү цэвэрлээд хот цэмцгэр болдоггүй нь цэвэрлэгээ үйлчилгээний ажилчид дутмагтай холбоотой байх хэмээн үзэжхолбогдохгазруудаастодрууллаа. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай зам талбайн цэвэрлэгээ, ногооон байгууламжийн арчилгааны алба 300 орчим ажилчинтай. Бид энэ онд 140 гаруй км урт талбай цэвэрлэж буй. Хүн хүч дутагддаг гэж хэлэхгүй. Нэг хүнд 1.3-1.5 км зам талбай ногддог. Өглөө 05.00 цагаас эхлэн ажилладаг. Хариуцсан талбайгаа сайн цэвэрлэж, анхаарал тавьдаг гэхэд болно. Та бүхэн анзаарсан бол өглөөд хотын зам, талбай тун цэвэр цэмцгэр байдаг шүү дээ. Харин өдөр, оройд хог ихсэн, бохирддог. Иргэд, үйлчилгээний төвүүд ч энд тэнд хогоо хаях, овоолох нь цөөнгүй. Техникийн асуудлаас шалтгаалж хогийн цэгүүдээс хог ачих ажил удааширдаг тал бий. Бид олон автомашин, техник хэрэгсэлтэй бол илүү хурдан, чанартай үйлчилгээ үзүүлнэ. Одоогоор манайд 50 орчим тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж бүртгэлтэй” хэмээн ярив. Өөрөөр хэлбэл, нийслэлийг цэвэр цэмцгэр байлгах, ногоон байгууламжийн ажлыг дагнан хариуцдаг газрын дарга нь хүн хүч хангалттай бий гэж байна. Түүнээс МУБИС-ийн урд талын нүхэн гарцыг оюутан залуус угаасан, яагаад мэргэжлийн байгууллага нь нойтон цэвэрлэгээ хийхгүй байгааг тодруулахад “Ирэх сараас авто замын хашлага, хөшөө дурсгал, нийтийн эзэмшлийн талбай дахь сандал болон бусад зүйлсийг угаана. Нойтон цэвэрлэгээ хийх цаг хугацаа байдаг. Аюулгүй байдлын шаардлага хангахгүйгээр мэргэжлийн бус хүмүүс цэвэрлэгээ хийх нь буруу, манай байгууллага бол зөвшөөрөхгүй. Залуус нүхэн гарцын дээвэр, зарим эд зүйлсийг угаахдаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авч, сайн дураараа ажилласан юм билээ” гэв. Тэгвэл Тэгвэл Баянгол дүүргийн Тохижилт аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн “Манайх 100 гаруй хүний орон тоотой. Дүүргийн хэмжээнд хог хаягдал их үүсэж буй нэг шалтгаан нь ТҮЦ. ТҮЦ-ийнхэн хогны мөнгө төлдөггүй, энд тэнд хог овоолж хаягдаг, үйлчлүүлэгчид нь ч тамхины цаас, иш олноор хаядаг учраас хог их үүсгэдэг. Хоггүй хороо, дүүрэгтэй болохын тулд эхний ээлжид ТҮЦ-үүдийг нүүлгэнэ. ТҮЦ нүүлгэх талаар яригдаж буй” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо буюу “Содон” хорооллоос цааш Нарангийн гол чиглэлд уржигдар 14.00 цагийн үед гурван км орчим явав. Мөн л ил задгай хогийн цэгийнх нь хог дүүрч, зам дагуу хуванцар сав, бэлэн хоолны хайрцаг, тамхины иш хаяжээ. Автобусны буудлын орчим дахь жижиг хогийн савыг хоёр хүн ухан, хогийг нь энд тэндгүй шидэж, зарим зүйлийг ууталж байв. Өглөө нь тэр хавийн талбайг цэвэрлэсэн гэж бодоход их үд өнгөрмөгц л хаа сайгүй хогонд дарагджээ. Тус дүүргийн иргэн Б.Чимэгбаяр “Хогийн сав, хогийн цэгийн хүртээмж муу учраас ил задгай хог их үүсдэг шиг санагддаг. Манай ойр хавийн 3-4 орон сууц, 2-3 дэлгүүр дунд ердөө нэг хогийн цэгтэй. Хогийн цэг ч гэж дээ, ямар ч стандарт байхгүй, дөрвөлжин, төмөр сав бий. Эл сав хоггүй байхыг бараг хараагүй дээ. Учир нь маш олон айл, үйлчилгээний төвийн хогийг хийдгээс тэр биз” гэсэн юм.
Нийслэлийн есөн дүүргийн нийт 13.2 сая ам метр гудамж, зам талбай, орон сууц орчмын замын цэвэрлэгээг төрийн, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 17 компани, аж ахуйн нэгж хариуцдаг юм байна. Одоогоор бүх дүүргийн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг орон нутгийн өмчит, мөн хувийн хэвшлийн компаниуд хариуцан, ажлаа хуваан ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн “Манай дүүргийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийг хариу цан орон нутгийн өмчит болон хувийн компанийн 200 орчим хүн ажилладаг. Сонгинохайрхан бол хамгийн олон хүн амьдардаг, газар нутаг том, гэр хороолол ихтэй дүүрэг бөгөөд үйлчилгээний ажилчид боломжийн хэрээр л ажиллаж буй. Орон нутгийн өмчит компанийн хувьд төсөв, санхүүдээ тохирсон хүний нөөцтэй. Хувийн хэвшлийнхний хувьд нэг ам метр талбайг цэвэрлээд төсвөөс 50 төгрөг авдаг. Энэ бол бага дүн бөгөөд үүнээс шалтгаалан хүн хүчээ нэмж чадахгүй байх магадлалтай” гэсэн юм.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын тамгын газраас хог хаягдал цэвэрлүүлэх зардал бага, хувийн хэвшлийнхний оролцоо тааруу байгаа, эсэхийг тодрууллаа. Тус газрын мэргэжилтэн нь “Нэг ам метр талбайг цэвэрлэх хөлсийг 2006 онд л 50 төгрөгөөр тогтоосон. Тийм ч бага дүн биш. Одоогоор нэмэх, эсэх талаар яригдаагүй. Цаашид бид Улаанбаатар хотын ногоон байгууламжийг өсгөх, цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллуулахад аль болох хувийн хэвшлийнхний оролцоогнэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс энэ онд бүх дүүрэгт нийт 18 аж ахуйн нэгжийг ногоон байгууламжийн арчилгаа, хог хаягдал цэвэрлэхэд сонгон шалгаруулахаар болсон. Нэмж хэлэхэд, хот тохижилтын салбарт төрийн, хувийн өмчит гэлтгүй парк шинэчлэлт муу, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл нь хуучирсан асуудал бий. Парк шинэчлэл хийж, автомат ажиллагаатай тоног төхөөрөмж оруулж ирэхэд илүүтэй анхаарчбуй” хэмээв.
Хотын хог дийлдэхгүй, цэвэрлээд ч цэмцийхгүй байгаагийн шалтгаан нь хүн хүч дутмагт байна уу гэсэн асуултад нийслэлийн ЗДТГ, Хот тохижилтын газар болон хоёр ч дүүргийн мэргэжилтэн хүн хүч боломжийн хэмжээнд бий гэж хариуллаа. Гэтэл Улаанбаатар утаа тортог, хог хаягдлаа дийлэхээ больсон ноорхой хот хэвээр. Дээр дурдсан ярианаас харахад нэг ам метр талбай цэвэрлээд хувийн хэвшлийнхэн 50 төгрөг авдаг гэнэ. Сүүлийн 17 жилд инфляц өдий төдий хувиар, бусад зардал ч хэд дахин нэмэгдсэн байтал хог цэвэрлүүлэх зардал огт өсөөгүй нь “гайхалтай”. Ийм бага зардлаар хог цэвэрлэх аж ахуйн нэгж олдохгүй, олдсон ч чанартай ажиллахгүй л болов уу. Мөн нэг тонн хог дарж булшлах зардал 2080 төгрөг байсныг өнгөрсөн оны сүүлчээр нэмж 4350-д хүргэсэн. 1000 кг хог дарж булшлаад 4350 буюу нэг кг хог зайлуулахад дөрвөн төгрөг зарцуулахаар тооцож буй нь даанч бага дүн. Ерөөс хогны мөнгийг нэмэх, хог үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж, ТҮЦ, бүх байгууллагаар мөнгө төлүүлдөг, хогийг цэвэрлэж зайлуулахад олгох зардлыг өсгөж байж нийслэл хоггүй болох байх.