Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өчигдөр явагдаж “Энержи ресурс” ХХК-ийн таван багц буюу 32 000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлагаар борлуулсныг МХБ-ээс мэдээллээ. Эл арилжаагаар дуудах үнэ 12 хувиар өсөж, тонн бүтээгдэхүүний ханш 1400 юаньд хүрчээ. Өчигдрийн арилжаанд дөрвөн компани оролцон худалдан авах санал гаргасан аж. Дараагийн дуудлага арилжаа маргааш 11.00 цагаас болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 12 800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг тонныг нь 175.2, мөн 13.00 цагаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 32 000 тонн хатуу коксжих нүүрсийг тонныг нь 178.6 ам.доллароос эхлэн худалдах гэнэ. Мөн ирэх даваа гарагт “Тавантолгой”-н 32 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг тонныг нь 175.2 “ногоон”-оос эхлэн дуудлагаар арилжих нь.
Бэлтгэсэн Б.Сонор