“Тавантолгой”-гоос нүүрс завшсан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх нь
“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгалтын явцын талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, тус хэлтсийн албаны дарга Б.Батбилэг нар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Х.Буянтүмэн “Дашдэмбэрэлийн БатЭрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэхдээ тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулаагүй. УИХ түүний гаргасан хүсэлтийг шийдэх байх. Ж.Мөнхбатын хувьд 2022 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ ч хуулийн хугацаанд бүртгүүлээгүй” гэлээ.
Бидний авсан мэдээллээр “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, УИХ-ын дэд дарга асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нарын өөрсдийнх нь болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийн оффис, гэрт нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай нотлох баримт бэхжүүлж авахаар АТГ, ТЕГ, ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийнхэн хойшлуулшгүй ажиллагаа хийх гэсэн ч эл гурван гишүүн саад учруулаад буй гэнэ. Тиймээс мөрдөх байгууллагаас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн юм байна. УЕПГ-аас хуулийн хугацаанд УИХ-ын даргад хандаж саналыг нь уламжлах бололтой. Тэднээс гадна “нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд нар дээрх гурван гишүүний адил мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулбал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулна гэдгээ АТГ-ынхан хэллээ. Мөн тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн нэмж “Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэрэгт сүүлийн 10, 20 жилийн асуудлыг шалгаж байгаа учраас нэлээд хугацаа орохоор байгаа. Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайтын боомтоор хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг нарийвчлан шалгах явцад одоогоор 11 000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдлоо. Хил хамгаалах ерөнхий газар, гаалийн байгууллагатай хамтран шалгаад бүртгэлийн сервер дээрх мэдээллийг устгасан гэдгийг тогтоосон” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр ХХЕГ-т байдаг сангаас эл 11 000 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг албан тушаалтнууд хахууль авч устгасан байх магадлалтай гэнэ. Үүнтэй холбоотойгоор тус газарт ажиллаж байсан болон өдгөө албан үүргээ гүйцэтгэж буй цөөнгүй хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна.
“Нүүрсний” гэх хэргийн шалгалтын цар хү¬ рээ улам л өргөжиж, яллагдагчаар татагдсан хүний тоо ч нэмэгдсээр буй юм. Өнгөрсөн сарын 17-ны дугаарт бид эл хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэхэд аймаг, сумын Засаг даргын албан тушаалтай хоёр хүнийг яллагдагчаар татсан хэмээж байсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг яллагдагчаар татаад байв. Тэгвэл ийм албан тушаалтны тоо дөрөв болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй Б.Бадрааг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас баталсан аж. Түүнийг 2021 оны арванхоёрдугаар сард ЭЦА-нд албан тушаалаа урвуулж Цагаан хадны суурьшлын бүсэд газар аван хятадуудад худалдсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд намжсан. Тэгвэл эл үйлдлийг нь ажлын хэсгийнхэн “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд үргэлжлүүлэн мөрдөж байгаа гэнэ. Үүнээс өмнө Б.Бадрааг АТГ-т шалгаж байсан ч хэрэг нь мартагдсан билээ.
Өөр нэг нь Гашуунсухайтын боомт дахь Хилийн боомтын захиргааны мэргэжилтэн асан, Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал аж. Түүнийг хоёр ч үндэслэлээр шалгаж буй гэнэ. Тодруулбал, тус сумын Засаг дарга байхдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж буй бол Хилийн боомтын захиргаанд байхдаа ч эрх мэдлээ урвуулан ашигласан өөр нэг үйлдэл нь тогтоогдоод буй аж. Ш.Эрдэнэжаргалын шалгуулж байгаа үйлдэл нь Р.Сэддорж, Х.Нэхийт нарын хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ч бий.
Бидний авсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Ажнай корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нартай холбоотой, ЭЦА-нд шалгаж байгаа нэг үйлдлийг шалгаж дууссан байна. Өөрөөр хэлбэл, нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой мөрдөн байцаалтын нэг хэргээс Д.БатЭрдэнэ болон түүний хамаарал бүхий 11 хүний үйлдэлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т мөрдөгчид саналаа хүргүүлсэн гэнэ. Тодруулбал, 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өм¬ чит “Тавантолгой”-д өгсөн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж, тус компанид 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг тусгаарласан аж. Улмаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХКийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “Тавантолгой транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер асан З.Эрдэнэбаяр, эрх бүхий албан тушаалтан Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж нарыг бүлэглэн, албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн дугаар шилжих мөчид шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн байна.