Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 12.2, энэ оны эхнээс 2.4 хувиар нэмэгджээ. Түүнчлэн нэгдүгээр сарынхтай харьцуулахад 2.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 14.2, согтууруулах ундаа, тамхиных есөн хувиар өссөн нь түлхүү нөлөөлсөн байна. Түүнчлэн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 2022 оны мөн үеийнхээс 14.1, эмнэлгийн үйлчилгээнийх 7.2 хувиар нэмэгдсэн нь инфляцын шалтгаан болжээ. Манай улсын өргөн хэрэглээний барааны сагсанд 410 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг багтаан тооцдог бөгөөд үүний 46 орчим хувийг нь импортолдог аж.