Оюутолгойн цогцолборын гүний уурхайн ашиглалт удахгүй эхлэх нь. Гарцаагүй сайн мэдээ, туулай жилийн эхэнд бэлгэ дэмбэрэлтэй гэж олзуурхав. Монгол Улсын Засгийн газар хийгээд хөрөнгө оруулагчдын туулсан бартаат зам эргэлт буцалтгүй шулуудаж, эв зүйдээ орсон хийгээд мянга мянган оюутолгойчуудын уйгагүй хөдөлмөр, шантаршгүй зүтгэлийн үр дүн буй заа.
Оюутолгойн гүний орд бол байгалиас заяасан зэс, алтны нөөцийн илрэл. Энэ түүхий нөөцийг хүмүүн л нийгмийн баялаг болгодог гэж эрдэмтэн мэргэд бичдэг. Чингэх үйл явцад хүмүүний оюун ухаан, хүч хөдөлмөр, техник, технологи, санхүүжилт, цаг хугацаа шаардагддаг учиртай нь хүн бүхэнд ойлгомжтой. Дэлхийд зэсийн хэрэгцээ, үнэ цэн нэмэгдэж буй өнөөгийн чиг хандлага нь манай улсын хувьд бүр ч олзуурхууштай агаад азтай хэрэг. Оюутолгойчуудын бүтээж буй энэхүү шинэ гүний уурхайн үйл ажиллагаа нь дэлхийн орчин цагийн шилдэг стандарт, технологи, инновац болон тоног төхөөрөмжид суурилсан гэдгийг нурших нь бараг илүүц биз. Уг гүний уурхайн олборлолт, үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь 1300 метрийн гүнд явагдана. Өөрөөр хэлбэл, Асралт хайрхны оройгоос бэл рүү нь буухын дайтай газар. Харин Налайхын уурхай хамгийн гүн хэсэгтээ 300 орчим метр, Бэрхийн жонш¬ны уурхай 410 гаруй метр байжээ. Оюутолгойн гүний уурхайн орд нь Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс цогцолжээ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг зуун жилийн нөөцтэй гэх мэдээлэл байдаг.
Эдүгээ хүртэл Оюутын ил уурхайг ашиглаж буй бөгөөд удахгүй Хойд Хюго биетээс хүдэр олборлож эхлэх юм байна. Энэ нь уг гүний уурхайн ашиглалтын эхний үе шат аж. Хойд Хюгог дотор нь хоёр үе шаттай олборлохоор төлөвлөжээ. Ер нь газрын гүн дэх нийт ордыг блокчлон олборлох технологийн горимоор ашиглахын тулд асар том дэд бүтэц бүтээн байгуулсан аж. Уг дэд бүтцийн хүрээнд ачаа, материал, тоног төхөөрөмж, машин техник болон хүн хүч зэргийг тээвэрлэх “цахилгаан шат”, мөн агааржуулалтын систем барьж байгуулах ажлын эхний ээлжийг дуусгаж ашиглалтад оруулжээ. “Цахилгаан шат” гэсэн нь хялбаршуулж, энгийн ярианд дөхүүлэх гэсэн санаа. Угтаа бол жирийн цахилгаан шатнаас хавьгүй илүү нарийн бүтэц, ур хийц, дүр төрхтэй аварга “амьтад” шүү дээ. Эдгээрийг зориулалтынх нь чиглэлээр “Үйлдвэрлэлийн ам”, “Үйлчилгээний ам”, “Агаар жуулалтын ам” гэж нэрлэдэг аж. “Үйлдвэрлэлийн ам” болбоос үйлчилгээний ба бүтээгдэхүүний хоёр өргүүртэй босоо байгууламж юм. Үйлчилгээний өргүүрийн хөнөг нь хоёр да⬬хар, нэг ээлжид 300 хүн тээвэрлэнэ. Уурхайн гүн рүү 1.3 км замыг 2.5 минутад туулж бууна.
Гүний уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд хоногт хоёр ээлжийн баг тус бүр 12 цаг хөдөлмөрлөх бөгөөд барилга, бүтээн байгуулалт өрнөж ирсэн өнгөрсөн он жилүүдэд ч ийм зохион байгуулалтаар ажиллажээ. Өдгөө өдөр тутам 2000 гаруй хүн гүний уурхайн хөдөлмөрийн талбар дээр зүтгэж байна. Тэнд аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар, үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн тэсрэх бодисын агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламжийг тус тус барьж ашиглалтад оржээ. Үндсэн бутлуур нь долоон давхар барилгатай дүйцэх өндөр багтаамжтай агаад өдөрт 95 000 тонн хүдэр “зажилж” бутлах чадалтай нүсэр эд ажгуу. Уг уурхайн үйл ажиллагаа жигдрэх үед тэнд 50 өрмийн машин, 25 утгуурт ачигч, 10 хүнд даацын машин, бусад төрлийн 300 орчим хөдлөх төхөөрөмж ажи묬лана. Уурхайн гүн дэх замын хөдөлгөөнд нэн өвөрмөц дэг журам мөрдөгдөнө. Энэ ялдамд шинэ Шинэ гүний уурхайн тухай зурвас төрлийн нэг машины тухай зориуд сонирхуулъя. Хүнд даацын энэхүү цахилгаан машиныг дэлхий даяарх олон гүний уурхайд ашиглаж эхлээд буй гэнэ. “Утимэк МФ100” маркийн эл машин бол шатахуун хэрэглэхгүй учраас уурхайн гүнийг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулахгүй гэсэн үг. Цахилгаан тэжээлтэй уг машиныг манай улсад анх удаа авчирчээ. Түүнийг Финландын “Нормэт” (“Normet”) хэмээх дэлхийд нэртэй үйлдвэрт бүтээжээ. Энэ нь арван тоннын даацтай, өөрөө ачиж буулгах утгууртай, цагт 20 км хурдтай, бүтэн эргэдэг бөгөөд иж бүрэн хүндрүүлэгчтэй ухаалаг машин аж. Цахилгаан тэжээл нь уруудаж явах, хурдаа сааруулах үед нь өөрийгөө нөхөж цэнэглэдэг горимтойгоос гадна зориулалтын залгуураас маш хурдан цэнэг авдаг нь өвөрмөц. Газрын гүний байгаль орчинд ээлтэй, үйл ажиллагааны аюулгүй байдлыг дээдэлсэн, ашиглалтын зар¬дал нь хавьгүй хэмнэлттэй зэрэг нь нэн шинэлэг гэлцэнэ. Хиймэл ухаан шингэсэн энэ машин нь Оюутолгойн гүнд нутагшуулж буй ухаалаг техникийн зөвхөн нэг жишээ юм. Цаашид гүний уурхайд өрмийн болоод бэхэлгээний цахилгаан машин, төхөөрөмж өргөнөөр нэвтрүүлнэ гэж Жак ван Тондер ярив. Энэ эрхэм бээр Оюутолгойн гүний уурхайн захирал, дэлхийн цөөнгүй ил ба гүний уурхайд ажиллаж, удирдах алба хашиж, хал үзэж, хашир суусан өмнөд африк мэргэжилтэн.
Гүний уурхайтай хүйн холбоотой мөртлөө газар дээр оршдог нэг лунжгар байгууламжийн тухай цухас дурдмаар санагдав. Оноосон нэр нь “Чандмань”. Түүний нийт талбай 13 570 ам метр. Энэ барилгын зөвхөн суурь нь мэргэжлийн хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц хэмжээтэй. Энд өдөр тутам 400 орчим хүн ажилладаг. Уг төв нь гүний уурхайн үйл ажиллагааг удирддаг тархи, орчин цагийн шинжлэх ухаан, технологи, электроникийн шилдэг ололт амжилтыг шингээж бүтээсэн “жанжин штаб” гэвэл онох байх. Эндхийн дээд удирдлагын баг, бие бүрэлдэхүүн болон нийт ажилтан нь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой монгол залуус. Тэдэнтэй мөр зэрэгцэн гадаадын өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэжилтнүүд гүний уурхайн бүх шатны үйл ажиллагааг энэ төвийн ухаалаг төхөөрөмжийн иж бүрэн системээр секундийн нарийвчлалтай хянаж, удирдаж ажилладаг.
Оюутолгойн гүний уурхайд суурилуулсан “Палантир фаундри” (“Palantir foundry”) хэмээх ухаалаг системийг ч энэ төвөөс удирддаг аж. Уг систем нь технологийн нарийн шийдэлтэй багаж хэрэгсэл, мэдрэгч цахим төхөөрөмж зэр¬гээс цогц бүрдсэн, уурхайн гүний дотор ба гадаргуун бүх орчныг төгс хянах программ хангамж, холбогдох бусад техник, механизмаар өвч тоноглогдсон байна. Тэгээд гүний уурхайн гэдэс дотор, түүний ааш араншин хийгээд тэнд тохиох газрын гүний чичирхийлэл, хөдөлгөөн, өөрчлөлт, чиг хандлага зэргийг тогтмол мэдээлнэ. Ингэж хянах нь гүний уурхайн блокчлон олборлох үйл явцад нарийвчилсан тохир¬гоо хийх, түүний ашиглалтын загварыг сайжруулах, улмаар зүгшрүүлэх зэрэг арга хэмжээ авахад амин чухал. Эдгээр нь гүний уурхайд гэнэтийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойгоос гадна тэнд хийх засвар, үйлчилгээг төлөвлөхөд чухал гэж Жак ван Тондер тайлбарласан юм. Дээрх систем нь манай орны гүний уурхайд анх удаа нутагшиж буй ухаалаг технологийн нэг жишээ болой. Олон жишээ дурдаж болох ч үүгээр товчилъё.
Өмнийн говьд шинээр цогцолсон энэ гүний уурхайг үндсэндээ олборлолт, үйлдвэрлэлийн хотхон гэж нэрлэх боломжтой. Оюутолгойн цогцолбор, түүний дотор уг хотхон бүхэлдээ тэнгэрээс бууж ирээгүй, монгол хүмүүн бүтээсэн гайхамшиг гэж бахдан хөөрмөөр санагдана. Учир нь өндөр, нам олон даваа давж, аадар бороо, салхи шуурга туулж ирсэн замдаа гурван жил гацсан, цар тахалд хавчигдаж бас гурван жил “зүдэрсэн” боловч амжилттай хэрэгжсэн намтар нь цаашид үргэлжлэх болно.
Манай улсын хувьд гурав дахь хөршийн шууд хөрөнгө оруулалттай анхны эл мега төслийн үр дүнд дэлхийн жишигт нийцсэн ил ба гүний хос уурхай төрж буй нь энэ. Энд хоёр түмэн монгол хүмүүний арван жилийн нөр их хөдөлмөр, оюун ухаан, мөн гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүсээ санах, үгүйлэх мэдрэмжээ ч хязгаарлан байж зүтгэсэн халуун хөлс, хүч хөдөлмөр нэвт шингэсэн нь баларшгүй түүх буюу. Нийгмийн баялаг бүтээгч оюутолгойчууд, түүний гэрээт компаниудын бүтээлч хамт олны зүгээс улс орны экспортыг нэмэгдүүлэх үйлсэд ийнхүү оруулж буй бодит хувь нэмэр нь ойлгогдох цаг эрхбиш ирэх буй заа. Улс орон маань дэлхийн зэсийн үйлдвэрлэлийг тэргүүлэх томчуудын тоонд орохоор зэхэж буй сайн цагийн шинэ түрлэгт Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын гараа улам их эрч хүч нэмэх болтугай гэж ерөөе. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ардын мэр¬гэн ухаанаа дээдлэхийн чухлыг тэмдэглэж өчүүхэн зурвасаа өндөрлөсүү.
2023.03.09