Эдийн засаг,хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн талаарх гурван эерэг мэдээг сар шинийн босгон дээр олон нийтэд дуулгав. Тэрбээр “Нэгт, зэс, нүүрс, алтны үнэ нэмэгдэх төлөв байгаа. Манай улсын экспорт сайн байна. Хоёрдугаарт, гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ. Энэ бол эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ. 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оныхоос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд “Монголын эдийн засгийн форум” зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан” гэлээ. Инфляц, валютын ханшийн өсөлт зэрэг эдийн засгийн уналтын томоохон хүчин зүйлд багагүй хугацаанд цохиулсан монголчуудын хувьд энэ бол эерэг мэдээ мөнөөсөө мөн.
Эдгээрээс Оюутолгойн гүний уурхай олборлолтоо эхлүүлэх тухай мэдээлэл чих сортойсхийлгэх чухал үйл явдал юм. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн өмнөхөн МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа ч онцлон тэмдэглэсэн нь Монгол Улсын хувьд дэлхийд ховор тооцогдох гүний уурхайг олборлолтод шилжүүлэхэд бэлэн болсны дохио юм. Оюутолгойн гүний уурхайгаас олборлолт хийнэ гэдэг бол манай улсын эдийн засгийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтад улам эерэг нөлөө үзүүлнэ.
Монголын эдийн засаг, төсөвт хамгийн том ачаа үүрдэг Оюутолгойн ордын гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх анхны тэсэлгээг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар эхлүүлсэн. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Удтал хүлээлгэсэн гүний уурхайн төслийн ажил өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдөр хөрөнгө оруулагч талдаа Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна. Магадгүй энэ сүүлчийн найдлага гэдгийг хэлмээр байна” гэсэн бол “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Монгол хүний гараар бүтсэн, хөлс хөдөлмөр шингэсэн энэ уурхай дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой” хэмээн тэмдэглэж байлаа. Энэ үеэр талууд “Гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, олборлолтоо эхлүүлнэ” гэж олон нийтэд мэдэгдэж байв. Тэгвэл энэхүү амлалт биеллээ олж, Оюутолгойн орд гүний уурхайн олборлолтдоо шилжихэд бэлэн боллоо. Энэ бол Засгийн газар, “Рио тинто” групп хоорондын хамтын ажиллагааны том ахиц билээ.
Гүний уурхайг ашиглалтад оруулснаар дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно. Оюутолгойн ордын нөөцийн дийлэнх хувь нь гүний уурхайн хэсэгт оршдог бөгөөд тус уурхай тогтвортой үйл ажиллагаа явуулбал “Оюутолгой” компани жилд таван тэрбум ам.долларын борлуулалт хийж, төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх тооцооллыг эдийн засагчид онцолдог. Гэхдээ энд нэг зүйл бий. Тус уурхайг энэ сараас олборлолтод шилжүүлж эхэлснээр ашиг, өгөөж нүд ирмэхийн зуур нэмэгдэнэ гэж хүлээж болохгүй. Тодруулж хэлбэл, гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ гэдэг нь шууд оргил үедээ хүрнэ гэсэн үг биш юм. Компанийн удирдлагын багийн тооцоолсноор гүний уурхай бүрэн хүчин чадалдаа аажмаар хүрэх аж.
Гүний уурхайн үйл ажиллагааг мэргэжлийн үгээр товч тайлбарлавал, 2022 оны нэгдүгээр сард хийсэн бүтээн байгуулалтын анхны тэсэлгээ нь drawbell буюу хүдэр буулгуур гэнэ. Дэлхийд гүний уурхай ховор байдаг. Хэдий тийм ч гүний уурхайгаас олборлох олон төрлийн арга бий. Тэдгээрийн дундаас хамгийн аюул багатай, бүтээн байгуулалтыг зөв хийвэл ашиглалтын зардал нь бага байх арга нь “block caving” буюу блокчлон олборлох юм. Энэхүү блокчлон олборлох арга нь үндсэн олборлох хүдрийн биетийнхээ доор нь тосож drawbell буюу “хонхон буулгуур/хүдэр буулгуур”-ыг тэслээд, үндсэн бүтээн байгуулалтаа хиймэгц дээр байгаа цул биетүүдэд хэсэгчилсэн тэсэлгээ хийдэг. Ингэснээр тухайн цул биетүүд бутарч, бутарсан хэсгүүд нь физикийн хуулийн дагуу таталцлын хүчээр нуралт үүсэн орж ирдэг. Үүнийг машинаар тосож аван газрын гадарга руу гаргадаг процесс юм.
Дэлхийд ховорт тооцогдох ийм уурхайг монголчууд эх орондоо бүтээн байгуулж буй нь хамгийн онцлууштай үйл явдал болж байна. Уул уурхайн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан “Рио тинто” групп өөрсдийн хөгжүүлж ирсэн технологи, мэдлэгээ Оюутолгойн ордод шингээн, монгол залуусыг чадавхжуулсаар байгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм. Тиймдээ ч газрын дор 1300 метрт асар том бүтээн байгуулалтыг урт хугацаанд осол гаргалгүй гүйцэтгэснээр гүний уурхайн олборлолтыг эхлүүлж чадлаа.
“Оюутолгой” компанид өдгөө 20 000 гаруй ажилтан бий бөгөөд тэдний 97 хувь нь монгол залуус юм. Тус компанийн Монголын эдийн засагт оруулсан хувь нэмрийг товч сонирхвол өнгөрсөн онд гэхэд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 6.1 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Мөн ус ашигласны төлбөрт 2013 оноос хойш 142 тэрбум төгрөг төлсөн бол 2022 онд татвар, хураамж, бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч тал Монгол Улсад 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан статистик байна. Үүний 19 хувь нь улсын төсөвт төлсөн шууд төлбөрүүд бол 75 хувь нь үндэсний компаниудад төлсөн төлбөр, зургаан хувь нь цалин хөлс аж.
Оюутолгойн орд нь 100 орчим жил ашиглах нөөцтэй гэгддэг. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар нэгэн зууны хугацаанд Монгол Улс, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломжтой юм. Гагцхүү энэ ажлыг, уурхайн үйл ажиллагааг тогтвортой хэвийн үргэлжлүүлэх нь бидний талаас, Засгийн газрын хичээл зүтгэлээс бүрэн хамаарна. Эдүгээ “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх Монголын ойрын 30 жилийн хөгжлийн зургийг зуран ажиллаж байгаа Засгийн газрын хувьд Оюутолгойн ордын олборлолтыг бүхий л талаар дэмжиж буй. Тиймдээ ч Монголыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орон болгох эхлэл амжилттай тавигдлаа. Цаашлаад Засгийн газар, “Рио тинто” группийн хамтын ажиллагаа нь Монголыг гадаадын орнуудад хөрөнгө оруулалт, бизнест нээлттэйг баталж, олон улcын тавцанд сурталчилж байгаа юм.
Бэлтгэсэн Б.Энхзаяа