Олон улсын зах зээлд зэсийн үнэ өсөж, өдгөө тонн нь 9000 ам.долларт дөхсөн таатай мэдээ байна. Экспортын орлогынхоо дийлэнхийг эрдэс баялгийн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтиэс бүрдүүлж буй Монгол Улсад бүр ч таатай үйл явдал болж байгаа нь Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж буй явдал. 10 гаруйжилийнтасралтгүй хөдөлмөрийн үр дүнд зорьж тэмүүлсэн эл ажлыг амжилттай үргэлжлүүлж түүхэн гэж тодотгож болох өдөр тохиож буй нь энэ. Дэлхийд гайхагдах ийм уурхайтай болохын төлөө 20 мянга гаруй ажилтан, 900 орчим ханган нийлүүлэгч шаргуу хөдөлмөрлөжээ. Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч “Рио тинто” групп хэлэлцээ хийн, хамтын ажиллагаагаа шинээр эхлүүлж, бие биеэ харилцан хүндэтгэсний ачаар өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж чадлаа. Ингэхдээ гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхээр товлосон хугацаагаа эхний улирал болгон наашлуулав.
Өөрөөр хэлбэл, 2022 оны нэгдүгээр сард Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үеэр мэдэгдсэн хугацаанаас өмнө ур чадвар, эрдэм мэдлэг, өндөр технологи шаардсан эл ажлыг амжуулсан хэрэг. Тухайн үед Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шатыг эхлүүлэн анхны тэсэлгээг хийсэн бол ердөө жил гаруйн дараа буюу төлөвлөснөөс нэг улирлын өмнө, цар тахлын хүндрэлийг даван туулж, зорьсноо биелүүлж чадлаа. Өмнөх жилийн нэгдүгээр сард төслийн бүтээн байгуулалтын зардалд манай улсаас төлөх байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэсэн нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой байсан нь дамжиггүй. Энэ нь “Рио тинто” группийн зүгээс төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийг чухалчлан зорьж буйг илтгэсэн билээ. Тус группийнхэн ч сайн түнш гэдгээ баталж Монгол Улсад өгсөн амлалтаа ийнхүү биелүүллээ. Товчхондоо, талууд санал зөрөлдөөнтэй байсан асуудлаа шийдэн, урт хугацааны, амаргүй хэлэлцээ хийж, хичээн зүтгэсний үр дүнд өдгөө баяраа хуваалцаж байгаа нь хамтын ажиллагааны томоохон ахиц юм.
Дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт эрэмбэлэгддэг, 150 жилийн түүхтэй, хөрөнгө оруулагч тус группийн хуримтлуулсан ноу-хау, туршлага, технологийн дэвшлийг ашигласан нь ийм боломж бий болгоод зогсохгүй манай улс тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орнуудын нэг болох эхлэлийг тавилаа. Тодруулбал, гүний уурхайгаас өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлж, улмаар үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2030 орчим онд жилд 500 000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр айгаа аж. “Оюутолгой” компанийн 2022 оны тайланд дурдсанаар өнгөрсөн жил 129 468 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Тэгэхээр үйлдвэрлэлийн оргил үедээ үүнийгээ гурав дахин үржүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний баяжмал дахь зэсийг жилд үйлдвэрлэнэ гэсэн үг.
Монголын Засгийн газрын дэмжлэг, бусад оролцогч талын хувь нэмэргүйгээр өнөөдрийн амжилтад хүрэх боломжгүй гэдгийг “Оюутолгой” компани, “Рио тинто” группийнхэн онцолж буй. Засгийн газрын зүгээс ч “Шинэ сэргэлтийн бодлого”-оо амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч байгаагийн илрэл нь эл төслийн хэрэгжилтийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж байгаа явдал. Ерөөс Монголын эдийн засгийг аажмаар төрөлжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх суурь нь хариуцлагатай уул уурхайн салбар билээ. “Оюутолгой” төслийн явцыг урагшлуулж буй нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, харилцан ашигтай түншилж, тогтвортой хамтран ажиллаж чаддагаа бөмбөрцөг даяар батлан харуулж байгаа гэхэд болно.
Газрын ховор элемент, зэс, жонш, ураны гэх мэтчилэн төслөө АНУ, ХБНГУ, Япон, БНСУ зэрэг оронтой хамтран хэрэгжүүлэхээр зорьж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хөрөнгө оруулалт татахаар хичээж байгаа манай улсын хувьд Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгчийн тоонд багтах эхлэлээ тавьсан нь чухал үйл явдал. Ерөөс Монголыг сонирхож буй хөрөнгө оруулагчдын хувьд “Оюутолгой” бол шийдвэрээ гаргахад нь “луужин” болох төсөл юм. Төсвийн орлого, улсын хөгжилд ихээхэн нөлөөтэй эл салбарт хөрөнгө оруулалт татахад амжилттай хэрэгжүүлсэн олон сайн жишээ (success story) манайд хэрэгтэй. Нөгөөтээгүүр, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор зэсийн эрэлт, үнэ өсөж байгаа энэ цаг үеийг ашиглаж чадвал Монголын эдийн засагт ихээхэн дэмтэй нь тодорхой. 2021 оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох ДНБ 4566 ам.доллар байсан бол энэ жил 5500-д хүргэх боломжтой хэмээн Засгийн газар тооцоолж байгаа юм. Үүнд “Оюутолгой” төсөл эерэг нөлөө үзүүлэх нь мэдээж. Сонирхуулахад, өнгөрсөн онд экспортын 21.8 хувийг (2.73 тэрбум ам.доллар) зэсийн хүдэр, баяжмал бүрдүүлсэн нь нүүрсний дараа хоёрдугаарт бичигдсэн (51.8 хувь буюу 6.49 тэрбум “ногоон”) үзүүлэлт.
Гүний уурхай дахь “үүц”-ээ задалж эхэлснээр ил уурхайн хүдрээс гадна газрын гүний 1300 метрээс олборлосноо ашиглах боломж бүрдэжбуй. Өдий хүртэл газрын ийм гүнээс ашигт малтмал олборлосон түүх, туршлагагүй байв, Монгол. Манай улс дэлхийн эрдэс баялгийн салбарын хөгжилтэй хөл нийлүүлж буйг батлан харуулсан үйл явдал тохиож гүний уурхайгаас хүдэр олборлож эхэлсэн өнөөдрийн энэ өдрийг уул уурхайн өндөр технологийг нутагшуулахад оролцсон “Оюутолгой”-н уурхайчид аль хэдийнээс сэтгэл догдлон хүлээсэн гэдгээ илэрхийлж байлаа. Уг ордын түүхэн дэх хамгийн том арга хэмжээнүүдийн нэг учраас тэр болов уу. Тус компанийнхан олон улсын стандарт хангасан аюулгүй ажиллагаатай, хариуцлагатай уул уурхайн жишгийг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлсээр буй. Ерөөс Оюутолгойгоор дамжуулан уул уурхайн салбарын хүний нөөцийг чадавхжуулж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц монгол инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж байгааг онцолъё.
Оюутолгойн ордын нөөцийн дийлэнх хувийг агуулж байгаа гүний уурхайгаас олборлох хүдрийн зэсийн агууламж ил уурхайнхаас гурав дахин өндөр байх тооцоо бий. Тиймээс “Оюутолгой” компаниас экспортын орлого, төсөвт оруулах татвар, хураамж нэмэгдэх нь дамжиггүй. Тус компани 2010 оноос хойш татвар, хураамж, бусад төлбөрт дөрвөн тэрбум ам.доллар төлсөн статистик бий агаад улсын хөгжилд ийнхүүбагагүй хувь нэмэр оруулсаар ирэв. Үүнээс гадна ханган нийлүүлэгчдээс бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авч, ажилтнууддаа өгсөн цалин хөлсийг нэмбэл өндөр тоо гарна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн онд “Оюутолгой” компани борлуулалтын орлого, хөрөнгө оруулалтаа 100 хувь Төвбанкаар дамжуулан 1.6 тэрбум ам.долларыг Монголд оруулсан дүн бий. Энэ нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлсэн нь мэдээж. Өөр ганц статистик дурдахад, 2021 оны байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын дийлэнх буюу долоо нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой байсан гээд бод доо. Товчоор хэлбэл, эл төслөөс Монголын эдийн засаг, нийгэмд оруулсан хувь нэмэр их.
Оюутолгойн уурхайн ирээдүйг улам батжуулах, Засгийн газар, “Рио тинто”-гийн дараагийн шатны хэлцэл үргэлжилж буй. Нэгэн үе дэлхий нийт анхаарал хандуулан, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж асан цагийг эргүүлэн авчрах хүсэл д бий. Өнгөрсөн оны байдлаар манай улсын нийт экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд эл салбарыг идэвхжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай. “Рио тинто” групптэй амжилттай түншилж байгаа нь олон улс дахь Монголын нэр хүндийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ч нөлөөтэй билээ. Нэг завин дээр сууж яваа хоёр тал энэхүү төслийн “зам”-ыг дардан байлгахад анхаарах биз ээ.