Хэрэв танд Оюутолгойн гүний уурхайд зочлох боломж гарч, нийслэлээс 22.00 цагийн үед онгоцоор хөөрвөл нэг цаг нисээд 700 орчим км-ийн алс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн кэмпэд очно. Маргааш өглөө нь хамгаалалтын гутал, малгай, хувцас хэрэгсэл агсаад шаардлагатай үед 30 минут хүчилтөрөгчөөр хангах бортого зүүн, үйлдвэрлэлийн босоо ам хэмээн нэрийддэг 96 метр өндөр цамхгаар секундэд зургаан метр туулдаг 300 хүний багтаамжтай цахилгаан шатанд суун газрын доор 1300 метрийн гүнд бууна. Цахилгаан шатны төмөр хаалга нээгдэхэд гэрэлтэй, цэлгэр талбай, ийш тийш салаалсан хонгил, бүр “автобусны зогсоол” угтана. “Автобусны зогсоол”-д уурхайчдын ажилладаг хэсгийн нэрийг бичсэн байна. Гүний уурхай нь газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд, тал тал тийш 130 орчим км салаалсан хонгил бүхий үлэмж том бүтээн байгуулалт учраас тус тусын ажиллах хэсэг рүү зарим уурхайчин автобусаар зорчдог аж. Хонгил ихэнх хэсэгтээ 5.5 метрийн өндөр, таван метр өргөнтэй байх бөгөөд тээврийн хэрэгсэл, хүн зорчин ажил гүйцэтгэх боломжтой тунел юм.
Салаалсан хонгилын энд тэндгүй ажил зогсолтгүй өрнөж байдаг тул дуу чимээ их, хаанаас ч юм салхи хүнгэнэн агаар солилцох нь сонин. Газрын гүнд нэг км-ээс доош орчинд нэг ээлжид 1000 гаруй хүн, 400 орчим тээврийн хэрэгслийг ажиллуулахад агаарын солилцоо нэн чухал гэнэ. Тиймээс агаар солилцох, цахилгаан дамжуулах болон шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг оруулж, гаргах зорилготой гурван босоо амыг байгуулжээ. Босоо ам гэдэг нь газрын гадаргаас уурхай руу нүхэлсэн 1300-1385 метр урт, 6-11 метр голдочтой хөндий байгууламж. Тэдгээрийн нэгээр нь зөвхөн цэвэр агаар дамжуулж, агааржуулагч төхөөрөмжүүдээр дамжуулан салхижуулж, агаар сэлбэдэг гэж ойлгож болно. Хүдэр тэсэлж, буулгаж, ачих, тээвэрлэх зэрэг ажлыг энд тэнд тасралтгүй гүйцэтгэх зорилгоор хонгилуудыг таван түвшинд гаргасан юм байна. Ийм хонгилуудын хана, оройн хэсгийг бетон ашиглан торлож, боолтоор боон, хүчитгэн бэхэлжээ. Боолтуудынх нь урт 3-14 метр гэхээр хэр зэрэг ажиллагаа шаарддаг, нарийн технологи нэвтрүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Уурхайн ажилчид, эсвэл зочид 130 орчим км урт замаар өгсөж, уруудсаар уурхайн бүх хэсэгт очих боломжтой. Дээр дурдсан цахилгаан шатны орчим гэрэлтэй, цэлгэр боловч гүний уурхай ерөнхийдөө харанхуйвтар. Орчин тойрноо тээврийн хэрэгслийн болон хамгаалалтын малгайн гэрэлд илүү тодруулж хардаг. Жижиг орон зайд маш олон дэд бүтцийг бий болгосон учраас өөр өөр үүрэг бүхий баг, энд тэнд ажилладаг хэрэг. Газар дор интернэт ашиглаж болохын зэрэгцээ ариун цэврийн өрөө, амсхийн ажил үүргээ ярилцан кофе уух, болзошгүй тохиолдолд хоргодох боломжтой амрах тасалгаа зэрэг гүний уурхайд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, байгууламж бий.
“Оюутолгой” компанийн үнэт зүйл нь аюулгүй ажиллагаа. Аюулгүй орчин нөхцөл бүрдүүлж, осол гаргалгүй, урт хугацаанд ажиллах зорилгоор гүний уурхайн бүтээн байгуулалтыг 10 гаруй жил гүйцэтгэсний эцэст олборлолтыг эхлүүлэх мөч тохиож байна. Тодруулбал, Оюутолгойн гүний уурхайн тогтвортой олборлолтыг төлөвлөснөөс өмнө эхлүүлж байгаатай холбоотойгоор өдгөө тэнд хамгийн олон буюу 20 000 гаруй хүн ажиллаж буй гэсэн. Сүүлийн зургаан сард уурхайчид шаргуу ажиллан, хүдэр буулгах 22 юүлүүр (хүдрийн биетийг хоёр түвшинд харалдаа цоолж, бүтээгдэхүүн доошоо урсах нөхцөл бүрдүүлсэн 18 метр хүртэлх өндөр байгууламж) ашиглалтад оруулжээ. Гүний уурхайн тактикийн хяналтын ахлах мэргэжилтэн Ш.Даваасүрэн “Бид хүдэр буулгах 242 юүлүүр ашиглалтад оруулж байж бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Өдгөө анхан шатны хүчин чадлынхаа 50 хувийг ханган ажиллахад бэлэн болж, тасралтгүй үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Ирэх зургадугаар сар гэхэд өндөр даацын системийг мөн ашиглалтад оруулж, хүдрээ 180 тоннын даацтай автомашинуудаар тээвэрлэн, бүтээмжээ улам өсгөх юм. Цаашид 100 орчим км тунел нэмж гарган, нийт тунелийн хэмжээг 220 км-т хүргэн, хоёр босоо ам ашиглалтад оруулна. 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тэр үед дэлхийн зэсийн тэргүүлэх дөрөвдэх уурхай болно. Монголчууд бид олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллан, өөрсдөө хийж бүтээж чадаж буйн жишиг болсон уурхайд ажилладагтаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн ярив. Ийнхүү “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа жигдэрч, гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүллээ.
Тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор Ханбогд сум ч өргөжин, хүн амынх нь тоо өссөөр байна. Тухайлбал, 2021 оны байдлаар 2000 орчим өрхийн 8660 гаруй иргэн суурин, барагцаалбал 20 000 хүн ирж, очин амьдарч байжээ. Хэрэв суурьшмал 15 000 оршин суугчтай бол бол хотын статустай болно. Хот байгуулахад хүн амын төвлөрөл бий болгох нь хамгийн чухал гэдэг. Тиймээс Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн төлөвлөгөөг богино хугацаанд 2025, дунд хугацаанд 2030, хэтийн төлөвийг 2040 он хүртэл гаргаснаа Засгийн газраас мэдээлж байв. 2040 онд 6300 гаруй өрхийн барагцаалбал 26 000 иргэн Ханбогдод суурьших боломжтой гэх тооцоо ч гарч, ирэх 20 жилд 795 орчим га талбайд хот төлөвлөн, бүтээн байгуулалт өрнүүлэх аж. Эл бүтээн байгуулалтад “Оюутолгой” компани, ажилтнуудынх нь үүрэг, оролцоо их байх нь дамжиггүй.
Эргэн сануулахад, манай улс хамгийн сүүлд 1980 онд Багануурыг хот болгох төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлснээс 42 жилийн дараа Ханбогдод хот байгуулахаа өнгөрсөн оны тавдугаар сард зарласан. Тодруулбал, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Ханбогд сумыг хөгжүүлэх арга хэмжээг Өмнөговь аймагт нээсэн билээ. Энэ үеэр “Оюутолгой” компаниас бүтээн байгуулалтад зориулж 50 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн бөгөөд талууд “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” баримт бичгийг орон нутгийн иргэд, удирдлагуудад гардуулан өгсөн. Дээрх арга хэмжээний нээлтэд зочлох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орлогоо бие даан бүрдүүлж, улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг, орон нутгийг цаашид бодлогоор онцгойлон дэмжинэ. Ханбогдыг зөвхөн уул уурхай түшиглэсэн бус, Галбын говь дахь аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, “Улаан ном”-д орсон нэн ховор ан амьтад, мөн 33 000 гаруй тэмээн сүргээрээ онцгойрсон экологийн тэнцвэртэй бүс болгоно” хэмээн тэмдэглэж байв. “Оюутолгой” компаниас ч өнгөрсөн онд Ханбогдын хөгжлийн чиглэлээр ажиллах “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюутолгой” сан байгуулсан билээ. Тус сан эрчим хүч, ус, зам, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлээр нэн чухал дэд бүтцийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй нь Ханбогдыг бие даасан хөгжлийн гараанд гаргахад чухал нөлөөтэй юм. Засгийн газар, “Оюутолгой” компани, дээрх сан хамтран Ханбогдыг хот болгон хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.
“Оюутолгой” компани, “Рио тинто” групп болон ШУТИС хамтран геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, уул уурхайн судалгааны төв байгуулах зорилгоор 2.42 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд “Оюутолгой”, “Рио тинто”-гоос Геотехникийн туршилт, судалгааны лаборатори байгуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд ШУТИС-д хүлээлгэн өглөө. 366 мянган ам.долларын өртөг бүхий тус лабораторид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чулуулгийн шинжилгээний төрөл бүрийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд багш, судлаач, оюутнуудын суралцах нөхцөлийг сайжруулж, судалгааны бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийг илүү нарийвчлан судална гэдгээрээ онцлог юм. Геотехникийн судалгаагаар чулуулгийн физик, механикийн шинж чанар болон тогтворжилтыг тодорхойлдог. Үүнд үндэслэн ил уурхайн хананы тогтвортой байдал, гүний уурхайн бэхэлгээний дизайныг тооцоолон гаргадаг аж. Оюутолгойн гүний уурхайд блокчлон олборлох арга ашиглаж буй бөгөөд үүнээс шалтгаалан үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, ажлын төлөвлөгөөг геотехникийн судалгаанд үндэслэн гаргадаг гэсэн үг. Мөн уурхайн хөндлөн малталтын явцад хийж буй бэхэлгээний чанарт тогтмол хяналт тавьж, ил болон гүний уурхайн хананы хөдөлгөөнд мониторинг хийхэд геотехникийн судалгаа, геотехникчдийн мэдлэг, чадвар хэрэгтэй юм. Манай улсад ОХУ-д төгссөн цөөн боловсон хүчин байсан агаад геотехникийн инженер бэлтгэдэггүй байжээ. Тэгвэл 2020 оноос ШУТИС-д геотехникийн инженерүүд бэлтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 1-3 дугаар дамжааны оюутнууд суралцаж байна. Тэдний зарим нь “Оюутолгой” компанийн тэтгэлэгт хамрагдан, сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас гадна сар бүр мөнгөн тэтгэмж авч буй.
Дээрх лабораторийн нээлтийн үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд эл лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай компани ШУТИС-тай хамтран ажиллах цөөнгүй ажил төлөвлөсний нэг нь энэ юм. Тус лабораторид сард 17 төрлийн, чулуулгийн 500, хөрсний 300, геотехникийн 150 дээж шинжилж, туршилт хийх хүчин чадалтай” хэмээв. Түүнчлэн “Рио тинто” группийн Монгол дахь салбарын дэд захирал Петер Батлер “ШУТИС, “Рио тинто” групп, “Оюутолгой” компанийн гурван талт хамтын ажиллагааны үр дүнгийн нэг болох лабораторийн нээлтэд оролцож буйдаа баяртай байна. Геотехникийн мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгааны бааз байгуулах төслийн зардлыг “Оюутолгой” болон манай группээс гаргаж буй. Энэхүүлабораторийг ашиглалтад оруулснаар Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд хувь нэмэр болохын зэрэгцээ Монголын уул уурхайн салбар шинэ түвшинд хөгжихөд түлхэц болох болов уу” хэмээн өгүүлэв. Оюутнууд өмнө нь онолын мэдлэгээ туршилтаар батлах боломжгүй, дүгнэлтээ хоорондоо яриад өнгөрдөг байсан бол өдгөө бодит дээжийг судлах боломж бүрдлээ. Түүнчлэн өмнө нь өндөр хөгжилтэй орон руу явуулж шинжлүүлдэг байсан дээжүүдийг Монголдоо шинжлэх боломж бүрдэн, цаг хугацаа, зардал хэмнэсэн байна. Тухайлбал, олон улсын томоохон лабораторид нэг дээжийг 100-650 ам.доллароор шинжлүүлж, тээврийн зардлыг нэмбэл чамгүй хөрөнгө гаргадаг байсан нь ард үлджээ.
Геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх зорилгоор Геотехникийн туршилт, судалгааны лаборатори байгуулсныг уншигч танд хүргэсэн. Тэгвэлуг лабораторид туршсан ажлын мэдээллийг нэгтгэн, боловсруулах, геотехникийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн программ хангамж ашиглан судалгаа хийх, шаардлагатай ур чадварыг бүрэн эзэмшүүлэх зорилгоор уул уурхайн геотехникийн сургалт, судалгаанд зориулсан компьютерын иж бүрэн лабораторийг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд ШУТИС-д мөн хүлээлгэн өглөө. Тус лабораторид олон улсын, томоохон уурхайнуудад нэвтрүүлсэн “Rocscience” программ ашиглан судалгаа, шинжилгээ хийх, дадлагажих боломж бүрдүүлсэн байна. Түүнчлэн геологийн өгөгдөл дүрслэх, налуулгийн тогтвортой байдал болон гадаргуугийн тэнцвэрийг тооцох олон улсын лиценз бүхий 17 программыг ашиглах аж. Ингэснээр багш, оюутан, судлаачдын сургалт, судалгааны чанар сайжран, ажлын талбарт ашиглах бүх программыг эзэмших боломж бүрджээ. ШУТИС-ийн ректор Т.Намнан “Цар тахлаас шалтгаалан хугацаа алдсан ч “Рио тинто” групп, “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр ШУТИС судалгааны лабораторитой боллоо. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэхэд их, дээд сургуулиуд, ялангуяа ШУТИС-ийн үүрэг, оролцоо өндөр байх юм. Энэхүү төсөл нь үйлдвэр, их сургууль хоорондын хамтын ажиллагааг харуулсан сайн жишиг боллоо. Төслийн хүрээнд ийнхүү сургалтын материаллаг бааз бий болгохын сацуу оюутнууд, багш нарыг бэлтгэхэд талууд хамтран ажиллаж буй. Цаашид манай сургууль дэлхийн оюуны цөм байгууллагуудын нэг болж, инженер, судлаач багш нараа улам чадавхжуулна. Түүнчлэн лабораториудаа олон улсад магадлан итгэмжлүүлж, хүлээн зөвшөөрүүлэхийг зорино. Бидний хамтын ажиллагаа уул уурхайн салбар төдийгүй улсын эдийн засагт өгөөжөө өгөх нь дамжиггүй. Зөвхөн манай сургуулийн оюутан, багш нар гэлтгүй уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд, багш, судлаачид геотехникийн болон компьютерын лабораторид ажиллах боломжтойг дуулгая. “Оюутолгой” компани, “Рио тинто” группийн хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээн онцлов.
П.ӨНӨБОЛД: Гүний уурхайн аюулгүй байдалд бүрэн итгэдэг
Оюутолгойн уурхайн олборлолт, хяналт мониторингийн багийн геотехникийн ахлах инженер П.Өнөболдтой ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Геологи, газар зүйн факультетийг төгссөн ч өдгөө геотехникийн чиглэлээр мэргэшин, уул уурхайн салбарт 17, “Оюутолгой” компанид тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байна.
-Геотехникийн албаныхан, тухайлбал ахлах инженер юу хийдэг вэ. Геотехникийн талаар товч ойлголт өгөхгүй юү?
-Монголчуудад сүүлийн 10 гаруй жилд л геотехник гэдэг ойлголт танил болсон. Их сургуулиуд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэггүй байсан бол өдгөө 1-3 дугаар дамжаанд оюутнууд сурч буй нь олзуурхууштай. Манай багийнхан олборлолтын үеийн уулын шилжилт хөдөлгөөнийг хянан, хөндлөн нэвтрэлтийн явц, тунелүүдийн тогтвортой байдлыг хангах тооцоо хийдэг. Уулын ашиглалт, төлөвлөлтийн багтай хамтран гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд санал, зөвлөмж өгдөг. Хөндлөн огтлолтын хэмжээг ахиулж, тунел гаргах алхам бүрийн мэдээллийг цуглуулж, хянадаг гэсэн үг. Чулуулгийн төрөл, шинж чанар, тухайн чулуулаг хэрхэн хөдөлгөөнд орж, ямар нөхцөл үүсэн, эрсдэл тохиолдох, эсэхийг геотехник судалдаг. Миний хувьд өөр мэргэжил эзэмшсэн ч ажлын байран дээрээ дадлагажин, геотехникийн чиглэлээр мэргэшиж байна. 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг ахалдаг. Улс орон бүрийн газар нутгийн геологийн тогтоц, чулуулгийн бүтэц өөр учраас тухайн уурхайн геотехникийн нөхцөлийг сайтар тодорхойлж, мэдээллийг нь цуглуулж, мониторинг хийж явах ёстой.
-Уурхайн гүнд байнга ажилладаг уу?
-Ажлын цагийнхаа 50 хувьд нь оффист, үлдсэн хувьд нь гүний уурхайд хэмжилт, хяналт хийж өнгөрүүлдэг. Манайх хамгийн сүүлийн үеийн, дэвшилт тоног төхөөрөмж ашигладаг. Гүний уурхайд интернэттэй болсноор мониторингийн багажаа зайнаас хянах боломж бүрдсэн. Геотехникийн хяналтын багаж харьцангуй олныг гүний уурхайд суурилуулсан бөгөөд мэдээлэл нь оффис дахь компьютерт мөн нэгтгэгдэж байдаг.
-Геотехникийн судалгаа, тооцоог сайн хийснээр олборлолтын ажлын явцыг хурдасган, ослын эрсдэлийг бууруулна гэж ойлгож болох уу?
-Тунелүүдийг бүрэн ашиглалтад оруулж амжаагүй, ажил үргэлжилж байгаа учраас цаашид ямар нөхцөл үүсэх нь тодорхойгүй гэхэд болно. Бид газрын гүнд хэдэн мянган жилийн турш бүрэлдэн бий болсон чулууг өрөмдөж, тэсэлж, олборлодог. Тэр бүрт чулуулгийн шилжилт үүсэн, эрсдэл бий болох магадлалтай. Гэхдээ эрсдэл үүсэх нөхцөлийг сайтар тооцдог бөгөөд ажлаа найдвартай, мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийг зорьдог. 2011 онд Ханбогдын ойролцоо газар дөрвөн баллын хүчтэй хөдөлсөн. Тухайн үед би уурхайдаа ажиллаж байсан бөгөөд уурхайн бэхэлгээ найдвартай байж, аюулгүй нь мэдэгдсэн. Түүнээс хойш бид олборлолтын хяналтыг улам сайжруулж, илүү олон багаж суурилуулж, эрсдэлтэй бүсүүдээ анхааралдаа авч, харж чаддаг болсон. Гүний уурхайн аюулгүй байдалд бүрэн итгэдэг.
-Анх ажилд ороход тань Оюутолгойн уурхайн нөхцөл байдал ямар байв?
-Анхажилд ороход гүний уурхайд нэгдүгээр босоо амыг л ашиглалтад оруулсан байсан. 1300 метрийн гүн боловч ердөө зургаан метрийн голдочтой, хөндлөн нэвтрэлт нь дунджаар зургаан км л байлаа. Өдгөө 130 орчим км урт тунел байгуулж, гурван босоо ам ашиглалтад оруулсан. Тухайн үед сард 250-300 метр л хөндлөн нэвтрэлт хийж байсан бол одоо сард 1200 метрээс илүү ахиулж буй. Агааржуулалт харьцангуй сайжирсан. Гүний уурхайд 10 жилийн өмнө нэг ээлжид 200 орчим хүн ажиллаж байсан ч одоо түүнээс тав дахин олуулаа ажиллан, үйл ажиллагаа өргөжин, үйлдвэрлэлээ эхлүүллээ.
-Уурхайд ажиллах гадаадын мэргэжилтнүүд улам цөөрч байгаа нь монгол залуус сайн суралцан, ажлаа бие даан хийх чадвартай болсон гэсэн үг биз.
-Гүний уурхай бол Монголд шинэ, дэлхийд ч олон байдаггүй чухал объект. Бидэнд өмнө нь ажилласан туршлага байхгүй учраас гадаадын мэргэжилтнүүдийн дэмжлэг, туслалцааг авсан хэвээр байгаа. Гэхдээ анх үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй харьцуулахад гадаадын мэргэжилтний тоо харьцангуй цөөрч, өдгөө нийт ажилтны 97 хувь нь монголчууд болсон.
-Оюутолгойн уурхайд ажилласнаар таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв. Уурхайгаас та юу суралцаж байна вэ?
-Хөдөлмөрийн насны хүмүүсийн амьдралынхньбараг тал нь ажил дээр өнгөрдөг байх. Энэ утгаараа ажлын байр бол хүний хоёр дахь гэр гэдэг. Ялангуяа уурхайчдын хувьд ээлжээр ажиллан, жилийн талыг уурхайдаа, кэмпэд өнгөрүүлдэг учраас яах ч аргагүй хоёр дахь гэр нь мөн. “Оюутолгой”-нхон бид ажлаасаа амьдралынхаа баталгааг ханган, хийж буй зүйлийнхээ үр дүнгээс урам авч, улам урагшилдаг. Учир нь анх уурхайд ажилд орж байсан үеийнхээс өдгөө нөхцөл байдал үнэхээр өөр болсон. Бид гүний уурхайн томоохон бүтээн байгуулалтыг бүтээлцсэний зэрэгцээ жишиг кэмп байгуулж, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадсан. Мөн ажилтнууд санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй, зөвхөн ажилдаа төвлөрч ажиллах боломжтой нь талархууштай. Уурхай надад олон зүйл өгсөн. Уурхайн орчин хүнийг төлөвшүүлж, хүмүүжүүлдэг. Ажлын цагийг ягштал баримтлах, амрах, алжаал тайлах цагаа зохицуулахаас эхлүүлэн зөв дадал сууж, хэрхэн эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах вэ гэдгээ тооцож сурсан. Хөнгөн хуумгай биш, хариуцлагатай, нягт нямбай байх нь уурхайчин хүний хамгийн чухал чанар.
-Зарим хүн уул уурхайн салбарын талаар ярихдаа газраа сэндийчлээ гэх нь бий. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Бүх л улс орон байгалийн баялагтаа тулгуурлан хөгжиж ирсэн. Өдгөө өндөр хөгжилтэй гэгдэж буй орнууд ч олон жилийн өмнөөс эрдэс баялгаа олборлон, орлогоо зөв зүйтэй зарцуулж өдий хүрсэн шүү дээ. Манай улс экспортынхоо дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Энэ ч утгаараа уул уурхай бол эдийн засгийн тэргүүлэх салбар. Харин уул уурхайгаас олж буй орлогыг хэрхэн зөв зарцуулах, урт хугацаанд яаж өгөөж хүртэх вэ гэдэг нь өөр асуудал. Санхүүжилтийн асуудлаас шалтгаалж 2013-2016 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон. Тэр үед би ажилгүй болоход манай гэр бүлд хүнд цохилт болж байлаа. Улсын эдийн засаг ч хүнд, хүмүүст ажил олдохгүй хэцүү байсан. Өдгөө Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт олон арван мянган хүн ажиллан, өөрсдийн амьдралыг авч явахын сацуу улсын эдийн засагт ч дэм болж буй хэмээн ойлгодог.
-Гадаадын орнууд руу залуус олноороо явахыг хичээх болжээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хэрэв бид явчихвал улс орон яах вэ. Улс орныхоо салбар бүрийн бүтээн байгуулалт, ажилд оролцож байж бид хөгжүүлнэ. Монголд сайхан амьдрах, хийж бүтээх, боломж байна уу гэвэл тийм. Боломжийг өөртөө нээж амьдрах хэрэгтэй л гэж боддог. Гэхдээ засаглалын хувьд сайжрах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарах зүйлс их бий.
Т.НАМЖИЛМАА: Ажиллангаа дадлагажих, өөр чиглэлээр мэргэших боломжтой
Оюутолгойн гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах мэргэжилтэн Т.Намжилмаатай ярилцлаа. Тэрбээр электроникийн инженер мэргэжилтэй бөгөөд гүний уурхайд ажиллаж эхэлсэн анхдагч бүсгүйчүүдийн нэг юм.
-Оюутолгойн уурхайд хэзээ ажилд орсон бэ. Аль сургуулийг, ямар мэргэжлээр дүүргэв?
-ШУТИС-ийн Холбоо мэдээлэл, технологийн сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Анх зургийн инженерээр “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч “Даян” компанид ажилд орж байлаа. Эхлээд гурван жил зургийн инженер хийж байгаад 2016 оноос янз бүрийн хэлтэс, багт ажиллаж үзсэн. 2017 оноос гүний уурхайд ахлах ажилтан болохдоо ч мөн “Даян”-д ажиллаж байв. Харин гурван жилийн өмнөөс “Оюутолгой”-д ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ер нь уурхайн орчин аюулгүй ажиллагааны өндөр шаардлага тавьдаг учраас ямар ч мэргэжилтэн хоёр сар гаруй дагалдсаны дараа уурхайд бие даан ажиллах боломжтой болдог. Мөн инженерийн суурь мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх, сурах сонирхолтой бол ямар ч чиглэлээр мэргэших боломж бий. Өөрөөр хэлбэл, ажиллахын зэрэгцээ суралцаад, дадлагажаад л явж байна.
-Өдгөө ямар алба үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Манай хөндлөн нэвтрэлтийн багт харьяалагддаг дөрвөн ээлж тус бүрийн 1000 гаруй хүнийг хариуцдаг. Олборлолтын ажил гүйцэтгэх үед чулуулгийн шилжилтээс ямар хариу урвал гарах нь тодорхой биш тул учирч болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх, тухайн тохиолдол бүрт авах арга хэмжээг тооцон өндөр бэлтгэлтэй ажилладаг.
-Уурхайд анх ирж байсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач. Шантарч халшрах үе байв уу?
-2009 онд Даланзадгадаас шороон замаар “Камаз” маркийн автомашинд суугаад уурхай руугаа ирэхдээ гэрээсээ хол, орон нутагт ажиллах болсондоо баяр хөөртэй, сэтгэл хангалуун байгаагүй ээ, үнэндээ. Ханбогд ч тэр үед эл хуль, оршин суугч цөөн байсан үе. Дөрвөн гэрийг холбож барьсан, гэр кэмпэд байрласан нь одоо бидний амьдарч буй кэмптэй харьцуулахын аргагүй тохь муутай. Нэг жил гаруйн дараа 2010 онд манай нөхөр энд ажиллаж эхэлсэн нь арай дөхөм болсон. 2016 он хүртэл гүний уурхайд эмэгтэй хүн ажиллах журам байгаагүй. Харин 2016 оноос уурхай руу эмэгтэйчүүд орж ажиллах болсон нь миний хувьд ажил илүү сонирхолтой, сурч мэдэх зүйл ч олон болсон.
-Анх ажиллаж эхлэхэд айж бэргэх зүйл гарч байсан уу?
-Дээр дурдсанчлан, 2016 оноос гүний уурхайд эмэгтэйчүүд ажиллаж эхэлсэн. Уурхайд ороход дан эрчүүд байж, цөөн хэдэн бүсгүйгээ халамжлан, ядрах вий хэмээн санаа тавьж байлаа. Тэр үеийг бодвол одоо эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн адилхан ачаалал, хариуцлага үүрч яваа. Гүний уурхайд ганц хоёр удаа орж үзсэн хүн айдастай, хэзээ, хаана нуралт үүсэх бол гэж болгоомжилж байснаа хэлдэг. Харин бид аюулгүй ажиллагааны найдвартай байдал, уурхайн бэхэлгээ, тунелийн хүчитгэл зэрэгт тун итгэлтэй байдаг. Тиймээс санаа зовох, айх зүйл огт гардаггүй.
-Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхээр тун шаргуу бэлтгэсэн гэсэн. Инженер, техникийн ажилтнууд хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Ачаалалтай ажиллалаа гээд бид ажлын цагийг хэтрүүлэх, хэн нэгэнд илүү ажил даалган, амралтын горимыг алдагдуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчдөггүй. Инженер, техникийн ажилтнууд, жишээ нь би гэхэд үйл ажиллагаа хариуцдаг учраас олон хоногоор ажлаа орхин, “хөндийрч” болдоггүй. Тиймээс долоо хоног ажиллаад, долоо хоног амардаг. Ажил зураг төслийн дагуу үргэлжилж, өдөр тутмын төлөвлөгөөгөө биелүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгаа, эсэхийг хянадаг. Мөн уурхайн ээлжийн хуваарийг өөрчилсөн, олборлолт эхлүүлэх хугацаа дөхсөний улмаас олон хүнийг шинээр авч ажиллуулсан. Сүүлийн нэг жил сургах, заах, дагалдуулах ажил тун их байлаа.
-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Уурхайд техник, эсвэл үйл ажиллагаа хариуцсан хоёр үндсэн чиглэлээр хүмүүс ажилладаг. Би уурхайн үйл ажиллагаа хариуцсан багт ажилладаг юм. Энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн анхдагч бүсгүйчүүдийн нэг. Одоо бол уурхайн ажилтнуудын 15 орчим хувь нь эмэгтэй. Гадаад орон руу явах сан гэж боддоггүй. Харин удахгүй гадаадын ажилтнууд манайд ирж, биднээс туршлага судлах байх. Манайх дэлхий нийтэд уул уурхайн салбарт ашиглаж буй сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Бүр хүнд даацын цахилгаан автомашин ч оруулж ирэхээр төлөвлөж буй. Оюутолгой бол дэлхийн шилдэг уурхайн нэг гэж хэлэх бүрэн боломжтой. Хийх ажил маш их бий гэдэг нь ч сонирхолтой. Бүх баг хамтарч юу хийж, хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөн ажилласны үр дүнд олборлолтоо төлөвлөгөөт хугацаанаас өмнө эхлүүлэх боломж бүрдсэн.
Х.ГАНЗОРИГ: Түүхэн бүтээн байгуулалтад оролцож буйгаараа бахархдаг
“Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч “Даян” компанийн уурхайн ахмад Х.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй ч 2004 оноос буюу хамгийн олон жил Оюутолгойнуурхайд ажиллаж буй хүмүүсийн нэг юм.
-Хамгийн олон жил Оюутолгойн уурхайд ажиллаж буй цөөн хүний нэг нь Та гэсэн. Уурхайчин болсон түүхээсээ товч хуваалцаач.
-2004 онд “Айвенхоу майнз”-д ажилд орсон. Тухайн мүед тус компани Оюутолгойн ордод хайгуул хийхээр ажлаа эхлүүлж байлаа. Канад ажилтнууд голлон, ердөө таван уурхайчин, таван инженер гээд нийт 10 монгол хүн ажилд авсны нэг нь би. 2005 оноос “Айвенхоу майнз” туслан гүйцэтгэгчээрээ “Даян”-г шалгаруулсан бөгөөд өдий хүртэл “Оюутолгой” төсөлд ажиллаж байна.
-Таныг ажилд орох үед Оюутолгойн уурхайн орчин ямар байсан бэ?
-Дээжийн ам буюу жижиг босоо амыг анх ухаж эхэлсэн дээ. Гурван метрийн голдочтой, 80 метр гүн амыг гар өрөм, хүрз, зээтүү зэргийг ашиглаад л ухаж байлаа. Уурхайд 56 хоног ажиллаад, 28 хоног амардаг байсан үе. Гэрт төвхнөсөн хэдэн монгол, канадчуудтайгаа орчуулагчаар дамжуулж, эсвэл дохио зангаагаар ойлголцдог байв. 2005 оноос нэгдүгээр босоо амыг ухан, дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулсан. Нэгдүгээр босоо ам буюу үйлчилгээний ам бол 1380 метр гүн, зургаан метрийн голдочтой. Өдгөө үүнтэй ойролцоо хэмжээтэй хоёр, нийт гурван босоо амтай болсон. Тухайн үеийн уурхайн орчин нөхцөл, кэмп, ажилтнуудын хоолны газар зэргийг одоогийнхтой харьцуулахын аргагүй байсан. Өдгөө бол уурхайчдад зориулсан бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон, дэлхийн жишигт хүрсэн кэмптэй болжээ, бид.
-Гүний уурхайд ямар ажил эрхэлж байна вэ?
-“Даян” компанийн уурхайн ахмад хийдэг. “Оюутолгой”-д санхүүч, инженер, геологич зэрэг олон мэргэжлийн хүн ажилладаг. Тэгвэл манай багийнхан уурхайчид нь юм. Хөрсний гадаргуугаас ухаж эхлээд өдгөө 1300 гаруй метр гүн, 130 км урт хонгил гаргасан хүмүүс. Одоо ч хөндлөн малталтаа үргэлжлүүлж хонгил гарган, хүчитгэлээ хийсээр байна. Уурхайн ахмадууд ээлжийнхээ 100 гаруй ажилтныг удирдан, төлөвлөгөөгөө хянаж ажилладаг.
-Танай багийнхны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дөнгөж эхлүүлж байхад гар өрөм, ер нь л гар багаж техник ашигладаг байсныг дурдсан. Одоо бол бид нэг ээлжид 100 орчим хүн 50-60 техник, тоног төхөөрөмж ашиглан сард 1000 метр хөндлөн малталт хийж буй. Хөндлөн малталтын үр дүнд гүний уурхайд хонгил үүсгэн ажил хийх боломж бүрддэг. Бид өдөрт 12 цагаар зураг, төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг. Хөрсийг өрөмдөж нүхлэн зай гаргаад, тэр зайгаа үлдээн бусад хэсгийг нь бетоноор шүршиж, торлоод, боолт тавин, хүчитгэдэг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайгаас бүтээгдэхүүн олборлох, хүмүүс ажиллах нөхцөл болдог салбарласан хонгилуудыг (тунел) хөндлөн нэвтрэлтийн багийнхан барьж байгуулдаг. Түүгээр тээврийн хэрэгсэл, ажилчид саадгүй, аюулгүй нэвтэрч байж гэмээнэ ажил үргэлжилнэ.
-Эдийн засагч мэргэжилтэй хүн яагаад уурхайчин болчихов?
-Би Баянхонгор аймагт төрж, бага насаа өнгөрүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулиа Орхон аймагт төгсөөд, 1995-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Мэргэжлээрээ ганц хоёрхон жил л ажилласан юм. 2000-аад оны эхэн үед улс орон, нийгмийн байдал одоогийнхтой харьцуулахад хүнд байсан. Их, дээд сургууль төгссөн ч ажил олдохгүй, ажлын байр цөөн байсан үе. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалттай, шинэ компани боломжийн цалин санал болгосон учраас “Айвенхоу майнз”-д ажилд орсон. Ханбогд сумын ойролцоо ямар ч бүтээн байгуулалтгүй, эзгүй хээр шахам газарт хэдэн гэр л барьсан байсан. Өдгөө Оюутолгойн гүний уурхай газар дор 1.3 км гүн, 130 км салбарласан хонгилтой, нэг ээлжид 1000 гаруй хүн ажилладаг дэлхийд томд тооцогдох бүтээн байгуулалт болсон. Цаашид хөндлөн малталтаа үргэлжлүүлэн, хонгилын хэмжээг 230 км-т хүргэхээр төлөвлөж байгаа. Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож буйгаараа бахархдаг. Улсынхаа түүхэнд бичигдэх томоохон бүтээн байгуулалтад өдий хүртэл ажиллан, хийсэн ажлынхаа үр дүнг харах сайхан шүү.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-14 хоног амрахдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт цагаа өнгөрүүлдэг. Спортоор хичээллэн, хоббигоо хөгжүүлж, янз бүрийн арга хэмжээнд оролцоод явдаггүй, гэр амьтай хүн гэх үү дээ.
-Улс орон, нийгмийнхээ өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж явдаг бол?
-Манай улс өдрөөс өдөрт хөгжин, иргэдийн амьжиргаа сайжирч, нийгэм илүү гэрэл гэгээтэй болж байгаа гэж боддог. “Аливаа зүйл яаж ч өөрчлөгдсөн илүү сайн сайхан тал руугаа явж байдаг” гэдэг үгэнд итгэдэг.
-“Оюутолгой” төсөлд ажилласан нь таны амьдралд юу өгсөн бэ. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Уурхайд ажилласнаар дэг журам, нягт нямбай байдалд илүүтэй суралцсан. Наад зах нь уурхайн орчинд хүн согтууруулах ундаа хэрэглэж, залхуурч назгайраад байдаггүй. Унтаж амрах, сэрэх, ажиллах цагаа хором бүрээр төлөвлөн, бүтээмжтэй ажиллахыг чухалчилдаг. Ер нь уурхайчин залуус хувийн зохион байгуулалт сайтай, нямбай, цагийг ягштал баримталж сурдаг. Цаашид хийж буй ажлаа үргэлжлүүлэн нэр төртэй, өндөр гүйцэтгэлтэй ажиллахыг хүсэж байна. Ажлаа чанартай хийдэг, хэлсэндээ хүрдэг, хүмүүс итгэж болох, түшиг тулгууртай нэгэн байхыг л зорьдог доо.