“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоон, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Бүрэн эрхт төлөөлөгч хуулиар олгосон эрх мэдлийнхээ хүрээнд хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Тэднээс эл компанийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийн дараа Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Батсайхан, тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга асан З.Амгаланбаатар зэрэг албан тушаалтан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад буй. Тэд 2002 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан Иргэний хуулийн 5.2-т заасан “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэснийг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан юм билээ.
Харин тус компанид Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилохдоо 1991 оны оны нэгдүгээр сарын 4-нд Улсын бага хурлаас баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгосон талаар өмнө нь дэлгэрэнгүй хүргэсэн.
Зарим хуульч, иргэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэхээ болиод Монгол Улс гэж байгаа. Тиймээс БНМАУ-ын үед баталсан хууль тогтоомж дагаад хүчингүй болох ёстой гэж үзэж буй. Тиймдээ ч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан удаа ч бий гэдэг. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Үндсэн хуулиас ч өмнө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Улсын бага хурлаар баталсан учраас Цэц уг хуулийг хэлэлцэн шийдвэрлэх ёсгүй гэж үзэн мэдээлэл гаргагчдын хүсэлтийг хүлээн аваагүй байдаг.
Зөвхөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тогтохгүй БНМАУ-ын үед баталсан өөр цөөнгүй хууль, эрх зүйн баримт бичиг өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй. Тухайлбал, БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1946 оны хэлэлцээрийн үндсэн дээр “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагаа өнөөг хүртэл явж буй билээ. Энэ мэт жишээ цөөнгүй. БНМАУ нэрээ өөрчилж, Монгол Улс болгож, ардчилсан тогтолцоог сонгосноос биш манай улс үндсээрээ солигдоогүй. Тиймээс улс өөрчлөгдөөгүй учраас зарим хууль залгамжаа хадгалан үйлчилж буй талаар нэг бус хуульч хэлж байна. Тийм хуулиудын нэг болох, хүчин төгөлдөр үйлчилж буй БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримтлан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчид эрх олгосон. Бүрэн эрхт төлөөлөгч хуульд заасны дагуу “Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох” хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бүх шатных нь удирдах ажилтныг томилж, чөлөөлсөн гэж үзэж болох нь. Харин онцгой дэглэмийн хэрэгжилтийн явцыг сар бүр олон нийтэд мэдээлж байх ёстой юм билээ.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг 1991 оны нэгдүгээр сарын 4-д батлахын өмнөхөн тухайн үеийн Улсын бага хурлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг. Энэ хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчид юу өгүүлснийг хүргэе. Улсын бага хурлын гишүүн М.Энхсайхан (Ерөнхий сайд асан) тухайн үед “Эдийн засгийн салбар, эдийн засгийн бодлого дээр энэ байдлыг их, бага хэмжээгээр хязгаарлаж байхгүй бол болохгүй. Бид яг тэр хэмжээгээр, хязгаарлалтын дэглэм тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор ангал руу явж байгаа замаас гарах юм” гэжээ.
Улсын бага хурлын гишүүн А.Болат “Үйлдвэрийн газар, байгууллагад түгээмэл баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байхаар, удирдах ажилтныг Засгийн газрын санаачилгаар чөлөөлж байхаар тусгах ёстой” хэмээсэн байна.
Тэгвэл Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг гэгддэг, хуульчдын ямагт хүндэтгэн дээдэлж явдаг Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэд гуай уг хуулийг батлах үеэр “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-10 дугаар дэд зүйл бол Засгийн газраас тогтоож болох журмынх нь хүрээ буюу предмет, зүйлс юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн журмыг битгий хэрэглэ, томилох журмыг хэрэглэхдээ яаж томилох вэ гэдэг асуудлаа Засгийн газар өөрөө тогтоо гэж байгаа юм. Зохих хариуцлагыг ч Засгийн газар өөрөө тогтоо гээд байгаа юм л даа. Жишээлбэл, үнийн дүнгийн 0.3 хувиар торгоно гэсэн хууль ерөнхийдөө байгаа. Тэрнээс өндөр хувиар тогтоох эрхийг л Засгийн газарт энэ хуулиар олгож байгаа хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид нэлээн хатуухан дэглэмд оруулах тухай яриад байна. Үйлдвэр, байгууллагад хэрэглэдэг хуулиудыг хэрэглэхгүйгээр Засгийн газар өөрөө тогтооно. Тийм учраас нэлээн хязгаартай хэрэглэх нь зүй. Хязгаарыг энэ хуулийн нэгдүгээр зүйлийн эхний хоёр мөрөөр тогтоох саналтай байгаа юм. Тодруулбал, улсын эдийн засгийн амьдралд их ач холбогдолтой байх, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангаж байх ёстой. Түүнээс биш дуртай үйлдвэрийн газарт тогтоож чадахгүй. Хуулийн ерөнхий зарчим, үзэл санаанд нийцээд олон улсын гэрээ, нийт хөдөлмөрчдийн үндсэн ашиг сонирхлыг хөндөхгүйгээр чухал үйлдвэрийн газруудад Засгийн газар өөрөө зургаан сарын хугацаагаар хууль гаргаад өөрийнхөө харьяаллыг харгалзахгүй, улсынх, хоршооллынх, хувийнх, хувь нийлүүлсэн хийгээд гадаадын хөрөнгө оруулсан аль нь ч ялгаагүй, тэр ч байтугай Монгол нутаг дээр байгаа гадаадын үйлдвэрийн газарт хүртэл Засгийн газрын дэглэм тогтоогоод хяналт тавьж ажиллах гэсэн хатуу заалт байгаа юм. Жишээлбэл, сахилгын тусгай дүрэм гаргаж ажилла гэж байгаа нь Хөдөлмөрийн хуульд заасан сахилга батын арга хэмжээнээс өөр, гэхдээ хүний эрхэд тохирохгүй, олон улсын гэрээнд нийцэхгүйгээс өөр арга хэмжээ тогтоо гэж хэлж болж байгаа юм. Засгийн газраас тодорхой үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоохдоо тогтоож буй дэглэмийнхээ эрх зүйн актыг боловсруулж гаргахад хуулийн байгууллага, прокурор, Дээд шүүх, Улсын бага хурлын зохих байнгын хороотой зөвлөлдөж, болж өгвөл нээлттэй хурлаар хэлэлцэж байвал зүгээр юм” хэмээн өгүүлжээ.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг батлах үеийн Улсын бага хурлын гишүүдийн үзэл санаа, эл хуулийн концепц, өмнө нь шүүхээр шийдвэрлэж байсан хэрэглээний практик зэргээс үзэхэд Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгч аливаа төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудыг томилж, чөлөөлөхдөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж байж. Орон нутгийн иргэний хэргийн анхан шатны болон Улсын дээд шүүхийн шийдвэрт ч “Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хүн томилж чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн байгаа. Эдгээрээс үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д удирдах албан тушаал хашиж байгаад чөлөөлөгдсөн хүмүүс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар амжилт олох, эсэх нь эргэлзээтэй.