“Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” Канадын Торонтод болж өндөрлөлөө. УУХҮЯ, МУУҮА хамтран тус чуулганд оролцогч, хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын өдөр” арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Монголын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавьсан байна. Түүнчлэн уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд өөрсдийн төсөл, хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах саналаа танилцуулсан аж. Энэхүү “PDAC-2023” чуулга уулзалтаар манай улсын зүгээс хөрөнгө оруулалтын орчин таатай болж өөрчлөгдөж буй, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч, нутгийн иргэдэд харилцан үр ашигтай хүргэх, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах боломжтойг оролцогчдод хүргэхийг зорьжээ. УУХҮ-ийн сайд чуулга уулзалтын үеэр Канад Улсын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Ротатай уулзсан бөгөөд тус орны эрдэс баялгийн салбар дахь байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах технологийг Монголд нутагшуулах, дэвшилт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд бүх талаар туслан, хамтран ажиллах талаар талууд санал солилцсон аж.
Бэлтгэсэн Ц.Ундрал