Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний хоёр сард 3.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 55.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 2.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд нийлүүлж, 1.1 тэрбум гаруй “ногоон”-ы бүтээгдэхүүн импортолжээ. Экспортын орлогын хэмжээ 2022 оны эхний хоёр сарынхаас 90.1, импортод зарцуулсан хөрөнгө 15.5 хувиар нэмэгдсэн аж. Тайлант хугацаанд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс зургаа дахин их буюу 7.8 сая тонн чулуун нүүрс нийлүүлж, уг бүтээгдэхүүний борлуулалт экспортын нийт орлогын 56.5 хувийг бүрдүүлжээ. Мөн зэсийн баяжмал 219 000, төмрийн хүдэр 83 000, газрын тос 7000 тонныг борлуулсан нь 2.7-100 хувиар нэмэгдсэн дүн боллоо. Тэгвэл импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн их буюу 23 хувийг шатахуун, 18.1 орчим хувийг автомашин болон бусад тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан гэнэ. 2022 оны эхний хоёр сарынхтай харьцуулахад дизелийн түлшний импорт 30.9 хувиар өссөн бол бүх төрлийн бензин, суудлын болон ачааны автомашины худалдан авалт 15-37 хувиар буурсныг дээрх газрын тайланд дурджээ. Эл хугацаанд нийт экспортын 90.6, импортын 35.2 хувь нь БНХАУ-д ногдсон аж.