Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт 13000 гаруй цуглуулга хадгалаастай байдаг. Үүний 5.3 хувь нь геологи, 4.1 хувь нь палеонтологи, 90 хувь биологийн төрөл зүйлийн цуглуулга юм. Эдгээрийн 8000 орчим нь сор бүтээл аж. Судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд эдгээр цуглуулгаас сорчлон шинэ катологи ном гаргажээ. Уг катологид музейн сан хөмрөгийн үнэ цэнийг илтгэхүйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий 3 солир, 12 эрдэс, 3 чулуу, 11 зүйл палеонтологийн олдвор, 21 зүйл ургамлын хатаамал, 21 зүйл шавжийн хатаамал, 1 зүйл хоёрнутагтны хэлхээ яс, 6 зүйл мөлхөгчийн хэлхээ яс, 21 зүйл шувууны чихмэл, 29 зүйл хөхтөн амьтны хэлхээ яс, чихмэл зэрэг нийт 136 цуглуулга багтаасан аж.
Улмаар сор бүтээлийн гэрэл зураг, шинжлэх ухааны ангилалзүй, онцлог шинж, хамгааллын зэрэг, цуглуулгын түүх, төрөлжсөн сан хөмрөгийн мэдээлэл зэргээр баяжуулан үзэгч, уншигч түмний хүртээл болгожээ. Энэхүү бүтээл нь эрдэмтэн судлаач, оюутан, байгаль сонирхогч хүн бүхэнд зориулагдсан ба байгалийн танин мэдэх мэдлэгт нь хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Байгалийн түүхийн музейн удирдлага онцолсон юм.
Байгалийн түүхийн музейн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Тодгэрэл "Байгалийн түүхийн музей 2022 онд байнгын үзүүлэг, үзмэрийн дэглэлтээ батлуулаад, үйл ажиллагаа жигдрээд явж буй. Манай музей долоон сан хөмрөгтэй. Эдгээр сан хөмрөгөөсөө төлөөлөл болгож 136 сор үзмэрийг дээжилж, ном катологи гаргалаа. Тодорхой хэлбэл, Олон улс болон Бүс нутаг, Монголд устаж байгаа, ховордож болзошгүй үзмэр бий. Мөн боловсруулсан арга техник нь нарийн нандин, хийц чанар нь өндөр түвшинд бүтээгдсэн үзмэрээс дээжилж оруулсан. Монгол орноос олдсон аж богд, хэрлэн, манлай зэрэг болор, ногоон хаш зэрэг ховор нандин үзмэр их" гэлээ.
Манай сор үзмэрийн дээжис ном найман бүлэгтэй. Тухайлбал, Солирын бүлэгтэй. Солир гэдэг дэлхийн бус сансарт байдаг биет. Чулуун солир, төмөр солир, холимог солир гэсэн төрөлтэй. Энэ бүгдийг агуулгаар нь шинжлэх ухааны тайлбартайгаар уншигчдад хүргэж буй. Мөн палеонтологи олдворуудаас номд оруулсан. АНУ-д аваачсан буюу хууль бусаар хил давж гаргасан байсан палеонтологийн олдворыг Монголоос олдсон өв мөн гэдгийг нь тогтоож Монголд авчирсан. Эл үзмэрийг Монголдоо авчирснаа ард иргэддээ танилцуулах үүднээс номд оруулсан. Ер нь дээр дурдсанчлан найман бүлэгт палеонтологи, эрдэс чулуулаг, солир, хөхтөн, шавж, шувуу, хоёр нутагтан-мөлхөгч зэрэг сэдвүүд багтжээ.