Дорноговь аймгийн Сайншанд сумд өнгөрөгч баасан гарагт “Их говийн тэмээ-2023” наадам зохион байгуулжээ. Уламжлал болгон зохиож буй уг наадмын үеэр гурван насны тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн, ингэний сүү, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ болсон байна. Энэ удаагийн арга хэмжээг ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220, Дорноговь аймаг байгуулсны 92 жилийн ойн баярыг угтан зохион байгуулсан бөгөөд нутгийнхаа тэмээг алдаршуулах, үүлдэр, ашиг шимийг нь иргэд болон жуулчдад танилцуулах зорилготой аж. Уг наадмын үеэр сайхан тэмээтэй хос, шилмэл ингэ, буур шалгаруулах тэмцээн болсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр Улаанбадрахынхан тэргүүн байр эзлэн, мөн шилдэг сумаар шалгарчээ.
Бэлтгэсэн Ж.Бурмаа