“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж, өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэснээ мэдээлэв. Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа хилийн нөхцөлөөр борлуулсан нүүрсийг монгол тээвэрчид урд хөршийн хил дээр хүргэж өгсөн нь энэ. “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” хэрэгжүүлэх хүрээнд дээрх компани МХБ-тэй хамтран анхны цахим арилжааг өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн зохион байгуулж, нийт гурван удаагийнхаар 160 мянган тонн бүтээгдэхүүн худалджээ. МХБ-ээс мэдээлснээр 10 багц буюу 64 000 тонн нүүрсийг хүргэсэн байна. Өмнө нь уурхайн амны нөхцөлөөр борлуулж байсан үед уурхайгаас нүүрс гарсан л бол худалдан авагчийн мэдэлд очдог байсан билээ. Өөрөөр хэлбэл, худалдан авагч уурхайгаас нүүрсээ худалдан авч өөрсдөө тээвэрлэн экспортолдог байв. Тухайн үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан юм. Тэгвэл хилийн нөхцөлөөр борлуулж, “Эрдэнэс Тавантолгой” тээврийг хариуцдаг болсноор монгол жолооч нар зөөж, ашиг нь манайд үлдэж буй аж. Ташрамд дурдахад, тус компанийн хатуу коксжих таван багц (32 000 тонн) нүүрсний дуудлага арилжаа ирэх баасан гаргийн 11.00 цагт эхлэх нь.