“Оюутолгой” компани 2022 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Үүнд дурдсанаар өнгөрсөн жил орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 6.1 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Тус компанийн нийт ажиллах хүчний 97 хувийг монгол иргэд бүрдүүлж буй аж. Нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр 0.4 шоо метр буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус хэрэглэж байгаа гэнэ. 2022 онд ус дахин ашиглалтын түвшнийг дунджаар 86.45 хувьд хүргэснийг дурдсан байна.
2010 оноос хойш нэмэгдсэн дүнгээр дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар, хураамж, бусад төлбөрт төлжээ. Өнгөрсөн жил үүнд 314 сая “ногоон” (980 тэрбум төгрөг) төлсөн гэнэ. 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 15 тэрбум ам.доллар (34 их наяд төгрөг) зориулсан аж. Үүний 75 хувийг үндэсний компаниуд, 19-ийг нь улсын төсөвт төлсөн шууд төлбөр, зургааг нь цалинд зарцуулсан байна. Тус компанийнхан 2022 онд 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний компани байсан бөгөөд худалдан авалтынх нь 75 хувь тэдгээрт ногджээ. Тэр дундаа Өмнөговьд бүртгэлтэй 101 ханган нийлүүлэгчээс 261.12 сая ам.долларын бараа, үйлчилгээ авсан байна. Улмаар 2010 оноос хойш Өмнөговь аймгаас нийт 1.15 тэрбум “ногоон”-ы бараа, үйлчилгээ авсан гэнэ. Тэгвэл 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 4.93 тэрбум ам.доллар зарцуулсан аж.
Өнгөрсөн улиралд “Оюутолгой” 32 343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэв. Ингэснээр 2022 онд нийт 129 468 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь уг үзүүлэлтийг 110 000-150 000 тоннд хүргэхээр төлөвлөснөө биелүүлсэн гэсэн үг. Түүнчлэн өмнөх улиралд 34 222 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн статистик гарчээ. Өмнөх жил нь183 787 унцийг үйлдвэрлэсэн аж. Өөрөөр хэлбэл, эл дүнг 165 000-185 000 унцид хүргэхээр төлөвлөснөө мөн биелүүлсэн байна.