Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр маргааш эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Уг арга хэмжээний бэлтгэлийг бүрэн базаасан, зорчигч, жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хориглох тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, нуурын зарим хэсэгт хязгаарлалт тогтоох ажлыг орон нутгийн холбогдох албаныхан гүйцэтгэж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ. Өнгөрсөн жил “Хөх сувд”-ыг дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин үзсэн бол энэ жил 30-35 мянган хүн оролцоно гэж тооцоолжээ. “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд энэ жилийн мөсний баярын маркетинг, сурталчилгааг идэвхжүүлж, орон нутгийн зочлох үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан тул ийм тооцоо гаргасан байна.
Ташрамд дурдахад, хоёрдугаар сарын 27, 28-нд Хөвсгөлд зохион байгуулахаар төлөвлөж байсан “Цас, цааны баяр”-ын товыг “Хөх сувд”-ын дараа буюу гуравдугаар сарын 5-6-нд болгож хойшлуулсанд аялал жуулчлалын салбарынхан, тэр дундаа аяллын агент, тур оператор компанийнхан ихээхэн бухимдаж байна. Учир нь цөөнгүй компани тус арга хэмжээнд оролцуулахаар гадаад, дотоодын жуулчдаас захиалга авсан байжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл