Кэндо нь илдний замнал гэсэн утгатай. Японы самурай нарын эртнээс эрхэмлэн дээдэлдэг ёс заншлыг өнөөг хүртэл баримталж ирсэн нарийн дэг жаягтай. Үүгээр хичээллэгсэд хүндлэл, тэсвэр хатуужил, өөрийгөө ялан дийлэхэд суралцдаг тул биеийн бус, сэтгэл зүйн тулааны урлаг хэмээн тодорхойлдог. Илдтэй тулааны төрлүүдээс кэндогийн хувцас, хэрэглэл сүр хүчийг илэрхийлж, саад бэрхшээлийг даван туулах итгэл үнэмшил төрүүлдэг онцлогтой. Тулаанчид өрсөлдөгч рүүгээ илд бариад дайрах бус, анхаарлаа төвлөрүүлж, хийх үйлдэлд нь хүлээцтэй хандан, нөхцөл байдлыг өөртөө аюулгүйгээр ашиглахыг хичээдэг.Тулалдах явцдаа сэтгэл зүйгээс нь санаа бодлыг нь уншиж, шийдвэрлэх мөчид цөөн цохилтоор хождог. Нас хязгаарладаггүй спорт тул сүүлийн үед бүх насныхан сонирхон хичээллэж, амжилт гаргах болжээ. Тэдний нэг нь УНТЭ-ийн тоног төхөөрөмжийн инженер,“Чикара кэндо” клубийн тамирчин, II дан зэрэгтэй Н.Отгонсугар. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард “UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-д кэндогийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, хэсэгтээ шилдгүүдийг буулган авч, аваргын төлөө дасгалжуулагч Т.Чинзоригийг илүүрхэж түрүүлсэн юм. 2014 онд өсвөр үеийнхний УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээрхоёр жилийн дараа насанд хүрэгчийн УАШТ-д IV байр эзлэн, “Дайчин тамирчин” шагнал хүртэж байв. Тэр жилээ БНСУ-д болсон “Cheongju world martial art masterships”, 2017 онд өмнөд хөршийн Бээжин хотыг зорьж, CKOU олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон түүнтэй ярилцлаа.
-Аваргыг давж аварга болно гэдэг үг бий. Багшийгаа ялж, түрүүлдэг тамирчин ховор. Түүний хувьд та хүчтэй өрсөлдөгч нь боллоо.
-Т.Чинзориг багшийн довтолгоо хурдан, хүчтэй тул ялах тун амаргүй. Тэрбээр маш сайн төвлөрч, өрсөлдөгчөө өөрийнхөө зайд оруулан оноо авч ялдаг. Тиймээс довтлохгүйгээр хүлээж, тайван арга барилаар тулалдах тактик боловсруулсан юм. Аваргын төлөө түүнтэй яг төлөвлөснөөрөө тулалдсан. Сүүлийн тулаанд оноо авчихаад “Би хамгаалах уу, довтлох уу. Удаан хамгаалж тулалдвал оноо алдана. Отгонсугар аа тайвшир. Одоо өөрийнхөөрөө тулалд. Алдах зүйлгүй, зоригтой бай” гэж өөртөө хэлсэн. Би өмнө нь түүнийг нэг ч удаа ялж байгаагүй. Насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн минь миний хувьд анхных. Кэндо сэтгэл зүйн спорт. Өнөөдөр болж буй техникүүд маргааш нь болохгүй мэт санагдана. Ингэж өөртэйгөө зөрчилдөх тусам сонирхол улам төрүүлдэг.
-Тулааны урлагт хөл тавьсан тань сонин түүх өгүүлэх байх даа.
-Би 50 дугаар сургуулийг нэг өдөр зорьж очихдоо кэндогийн тамирчид бэлтгэл хийж байгааг хаалгаар нь шагайж харлаа. Тэдний өөртөө итгэлтэй байдал, эрч хүч, сэтгэл хөдлөл, өөр хоорондоо тулалдах нь сонирхолтой санагдаж, хичээллэх хүсэл төрүүлсэн юм. 2013 онд дасгалжуулагч, IV дан зэрэгтэй Н.Нямдаг багшийн удирдлагад “Хасбуу кэндо” клубт анх хичээллэж, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Түүнээс гурван жилийн дараа “Чикара кэндо” клубт хөл тавьж, өнөөг хүртэл үргэлжлүүлж байна. Тулааны спортоос кэндо нас хязгаарладаггүй. Сонирхсон хүмүүс хэдэн насандаа ч хичээллэж болдог давуу талтай.
-Тамирчдыг амжилтаа ахиулахад тэмцээнээс хүртсэн медалиуд нь их нөлөөлдөг шүү дээ.
-Кэндогийн спортод өөрийн гэсэн дүрэм бий. Миний хувьд олон улсын II дан зэрэгтэй. Дан зэрэг хүртэхэд медаль хамаарахгүй, тууштай хичээллэсэн байдал их нөлөөлдөг. Тухайлбал, I дан хүртсэн тамирчид хоёр, III дантай нь гурван жилийн дараа зэрэг ахиулах шалгалт өгөх эрхтэй болно. Шалгалтыг тестээр авч, ката үзүүлбэр, тулалдах үед ямар техникүүдийг чадварлаг ашиглаж байгааг харгалзаж олгодог юм. Өндөр түвшний дан зэрэгтэй болсон нь кэндогийн гүн ухаанаас суралцсанаар үзэл бодол нь дагаад өөрчлөгддөг.
-Спортоор хичээллэсэн цагаас та бэлтгэл, тэмцээн гээд завгүй амьдрах болсон биз?
-Тийм ээ. Өмнө нь компьютерын дэлгэц ширтээд өдөржин тоглож өнждөг байсан бол кэндогоор хичээллэсэн эхний өдрөөс өөрчлөгдсөн. Би үүнээс гадна бөхийн төрлөөс жүдо, жиү жицүгээр давхар хичээллэдэг. Жүдо, кэндо хүндлэлийн спорт. Өөрөөс тань дүү тамирчин дэвжээнд ахлах бол хүндлэлтэй хандана. Дэвжээнээс буугаад ах тамирчнаа насных нь эрэмбээр хүндэлж харилцдаг. Энэ бол спортын хамгийн сайхан хүндлэл шүү дээ.
-Таны өөрчлөгдөхийг гэрийнхэн тань хараад эхэндээ гайхаж, дараа нь бахархсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Намайг алхам алхмаар өөрчлөгдөхийг хараад манайхан эхэндээ гайхдаг байлаа. Ойр дотнын, тойрон хүрээлж буй хүмүүс хүртэл анзаарч “Чиний зан чанар өмнөхөөсөө өөрчлөгдөн, зөв хүмүүжиж төлөвшсөн байна” гэдэг. Гэрийнхэн минь одоо миний хамгийн сайн хөгжөөн дэмжигч болсон. Тэмцээний өмнө “Бүх зүйлээ марталгүй зэхсэн биз. Амжилт хүсье, сайн оролцоорой” гээд урам өгнө. Тэмцээн өн дөрлөсний дараа холбогдож “Ямар тамирчидтай таарч, хэр тулалдав” гэж асуудаг юм. Хэрвээ ялагдчихвал тайвшруулж, “Тэмцээн нэгээр дуусахгүй ээ, дараагийнхад нь сайн оролцоорой” гээд сэтгэлийн дэм өгнө. Кэндогоор хэдэн жил хичээллэсний дараа найзууд “Нас тань явлаа. Одоо амжилт гаргах уу, олимпын тэмцээний төрөл биш шүү дээ” гэдэг байв. Хүн дуртай зүйлээсээ аз жаргалыг мэдэрдэг. Нөхдийгөө ингэж хэлэх тусам би сонирхдог спортоосоо холдохыг хүсээгүй. Ядарсан, бухимдсан, сэтгэлээр унасан үедээ бэлтгэл хийхэд таагүй бодлууд ард үлдэж, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болдог.
-Эрүүл мэндийн байгууллагад өдөр бүр ачаалалтай ажиллах хааяа халширмаар санагддаг уу?
-“Этүгэн” их сургуульд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Бэлтгэл, тэмцээн, гэр гэсэн жимээр завгүй гүйж явахад оюутан цагийн он жилүүд нүд ирмэхийн зуур өнгөрч билээ. Эрүүл мэндийн байгууллага үйлчлүүлэгч ихтэй. Тэр хэрээр үүрэг, хариуцлагатай ажилладаг. Би ажилдаа дуртай. Өдөр бүр ачаалалттай байдаг ч хэцүү санагддаггүй. Миний хувьд ажил, спортын аль алинд нь томоохон зорилго тавиад урагшилж байна. Ажлын ачаалал, стресс, ядаргааг спортоор хичээллэж тайлах нь үр дүнтэй. Байгууллагын хамт олон багш, бид хоёрыг ойлгон, тэмцээнтэй үед ажлаас чөлөөлж “Аварга болоод ирээрэй” гэж урам хайрладаг. Өнгөрсөн нэгдүгээр сард “Степпе арена”-д болсон холбоодын нэгдсэн УАШТ-ийг зурагтаар шууд дамжуулахыг хамт олон минь үзэж бидэнд баяр хүргэсэн. Би улсын аварга болохыг 10 жил мөрөөдөж хүлээсэн. Олон жил бодсон хүслээ биелүүлсэндээ баяртай байгаа. Энэ жил Азийн орнуудад олон улсын тэмцээн болбол оролцоно. Хамгийн гол зорилго бол ДАШТ-д амжилттай оролцох.
-Олон улсын тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй анх оролцоход ямар сэтгэгдэл төрж байснаа хуваалцаач.
-Оюутан байхдаа хилийн дээс анх удаа алхаж, БНСУ-д болсон тулааны урлагийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцож, дараа нь өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулахад нь өрсөлдсөн юм. Гадаадад тэмцээнд оролцохдоо олон зүйл олж харсан. Кэндогоор амжилт гаргахад нас, өндөр, нам, биеийн жин хамаарахгүй. Тамирчид толгой, гарын бугуй, гэдэс, хүзүү гэсэн дөрвөн цэгт цохиж оноо авдаг. Европынхон өндөр, биерхүү. Тэдэнтэй таарсан үед оноо авах хэцүү. Азийхантай тулалдсан ч гарын бугуй, гэдэс рүү хатгах, цохих техникийг сайтар эзэмшсэн байх жишээтэй. Миний хувьд тэндээс чамгүй туршлага хуримтлуулж ирсэн. Бээжинд болсон хоёр дахь тэмцээнд өрсөлдөгчдөө хожиж, хэсгийн аваргын төлөө тулалдаж ялагдсан. Кэндог ойлгож хичээллэвэл их сонирхолтой. Тулааны спортод олон өрсөлдөгч ялж, медаль хүртэхээс илүү хэдэн жил хичээллэж, ямар дантай болсон нь чухал байдаг. Азийн орнуудад хөл тавихад “Та хэдэн дантай вэ” гэж асуудаг. Дан нь тухайн тамирчныг энэ спортод сэтгэл, зүтгэл хэр гаргаж, хэрхэн хөдөлмөрлөснийг илэрхийлдэг юм.
-Та клубийнхээ тамирчдаас А.Нямжавтай ойр нөхөрлөдөг бололтой. Бэлтгэлийн үед түүнтэй харилцаж байгаа тань ингэжанзаарагдлаа.
-Бид олон жил сайхан нөхөрлөж байна. Тэрбээр клубийнхээ тамирчдаас хамгийн эрч хүчтэй, дайчин, цоглог нь. Буулгаж авахад хэцүү өрсөлдөгчдийн нэг. Бид тэмцээнд цөөнгүй таарсан тул нэгнийхээ тулалдах онцлог, арга барилыг мэднэ. Найз минь надаас хурд, тэсрэлтээр илүү. Түүний арга барилд тааруулж, тактик боловсруулахын тулд нэлээд бодож төлөвлөсөн шүү. Кэндогийн спорт хурд, анхаарлаа төвлөрүүлэхийг маш их шаарддаг. Хэт их зүйл бодож тулалдвал өрсөлдөгчдөө амархан ялагдана. Би өмнө нь тухайн тамирчны гаргаж буй үйлдэл, сэтгэл зүйн байдалд тааруулж тулалддаг байлаа. Өмнөх тэмцээнүүдэд шатаж тулалдаад түүнд ялагчихдаг байсан бол энэ удаа сэтгэл хөдлөлөө дарж хожсон.
-Тулааны спортоор 10 жил хичээллэсний дараа өөрийгөө өмнөх үетэйгээ харьцуулж дүгнэлт хийв үү?
-Ямар ч спортын төрөлд өөрийн гэсэн онцлог, давуу тал бий. Өнгөрсөн хугацаанд энэ спортоос өөрийгөө нээж, ур чадвараа хөгжүүлэх олон зүйл сурчээ. Хүний хэлсэн үгээс зөв, бурууг нь тунгааж, шүүмжлэл, магтаал даах чадвартай боллоо. Тухайн орчин, нөхцөлд тохируулж, сэтгэл зүйн байдлаа хэрхэн илэрхийлэн гаргахаа шийдэж сурсан. Кэндо хүнийг хүнлэг, зөв хандлага, ёс зүйтэй болгож төлөвшүүлэхэд чиглэдэг юм шүү дээ.
-Өрсөлдөгчдөө хэр судалдаг вэ. Амжилт гаргахад судалгаа багагүй нөлөөлдөг талаар сонссон.
-Тэмцээний эхлэхээс сарын өмнө клубүүдэд очиж, тамирчдынх нь бэлтгэл хэрхэн хийж байгааг харж, тулалдах онцлог, зан чанарыг нь судлаад тактик боловсруулдаг. Миний хувьд өрсөлдөгчдөөсөө давуу талыг нь олж харахыг хичээдэг юм. Тэр тусмаа ямар техникийг сайтар эзэмшсэнийг нь сонирхоно. Тулалдах явцдаа довтолж, эсвэл хүлээн, хэр ур чадвар, туршлагатай болохыг анзаарч ажиглана. Зарим нь өрсөлдөгчөө албаар бухимдуулж алдаа гаргангуут нь оноо авдаг. Шатдаг тамирчин хурд, тэсрэлт их гаргадаг. Би тийм тулаанчтай тайван тоглож, өөрийн хэмд алгуур оруулдаг.
-Бэлтгэл хийхгүй хэд хоновол нөхдөө санаж, үгүйлдэг болов уу гэсэн бодол төрлөө.
-Спортын орчин тамирчдыг нэгдмэл, гэр бүлсэг болгодог. Олон жил хамт бэлтгэл хийхээр нэгнийхээ зан чанар, ажлынх нь онцлог, амьдралынх нь жаргал, зовлонг нь ойлгодог болдог юм билээ. Миний амжилт нөхдийн минь бэлтгэлээс хамаарна шүү дээ. Бэлтгэлийн үед нэгнийхээ олж хараагүй зүйлийг нөгөө нь харсан байдаг юм. Хүчтэй хамтрагч, баг, хамт олонтой байхад ур чадвар хурдан сайжирч, ахидаг. Тамирчидтайгаа ойр байж нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх сайхан. Кэндогийн тэмцээнд багийн төрөл бий. Би 2018, 2019 онд УАШТ-ий багийн төрөлд түрүүлж байлаа. Бид бэлтгэлийн дараа нэгэндээ алдаа, дутагдлыг нь хэлж “Өнөөдөр чиний дуу гарахгүй байна. Цохилт тань нэг л болохгүй харагдсан. Урагшилж довтолсноос техник хэрэглэж тулалдвал яасан юм бэ” гэх зэргээр ярилцдаг. Нөхөдтэйгөө зөвлөлдгийн ачаар амжилтаа ахиулсан гэж боддог. Мэн (толгойны өмсгөл) өмсөөд дэвжээнд гарсан бол бидний хэн нь ч өрсөлдөгч. Багш, найзтайгаа таарсан ч шударга тулалдаж ялах ёстой. Мэн тайлсан тохиолдолд нөхөрлөлөө өмнөх шигээ үргэлжлүүлнэ. Нэгдсэн УАШТ-ий хоёр дахь тулааны өмнө найз А.Нямжав “Чиний цохилтууд оноо болохоор харагдана. Чамд нэг зүйл дутуу байна. Өөртөө итгэлтэй тулалд” гэж зөвлөсөн. Аваргын төлөө багштай тулалдахад “Урагшаа гараач ээ” гээд түүний хашхирахыг сонсоод дов толж тулалдаад ялсан шүү.
-Саад бэрхшээлтэй тулгардаггүй тамирчин хаана ч байхгүй. Шантраад эргэж буцахад тань хэн хурцалж, урагшлуулав?
-Надад шантарсан тохиолдол бий. УАШТ-д анх оролцохдоо өөрийгөө түрүүлнэ гэсэн өндөртэй итгэлтэй байлаа. Миний хувьд амжилт гаргахын тулд гурван сар шаргуу бэлтгэл хийсэн юм. Эхний тулаанд оноо авчихлаа гэж бодтол талаар болж сэтгэлээр их унасан. Хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч дэвжээнд гаралгүй хувцсаа үлдээгээд “Би энэ спортоор дахиж хичээллэхгүй” гээд урамгүйхэн харилаа. Гэсэн ч дуртай болохоор маргааш нь клубтээ ирж “Багш аа, бэлтгэлээ хийе, хувцсыг минь өгөөч” гээд зогсож байлаа. Үүнээс хэсэг хугацааны дараа Орхон аймагт зун тамирчидтайгаа бэлтгэл хийхээр явав. Тэнд сүүлчийн өдөр нь тэмцээн зохион байгуулахад ялагдаж “Кэндо миний амжилт гаргах спорт биш байна, больё” гэж бодсон. Намайг өөртөө итгэлгүй болсон үед Н.Нямдаг багш “Кэндод ялж, ялагдах нь чухал биш.Тууштай хичээллэж, дан зэрэг хүртэх нь чамайг медаль хүртсэнээс илүү тодорхойлно. Тамирчид энэ спортод цаг хугацаа хэр зарцуулж, хэрхэн хөлс гаргаж, хөдөлмөрлөснийг тань асууна шүү дээ” гэж хурцалж урагшлуулдаг байлаа. Би багштайгаа одоо ч гэсэн холбоотой байдаг. Нэгдсэн УАШТ-ий өмнө уулзахад “Чи тулаанд илүү, эсвэл дутуу зүйл хийх гээд байдаг. Няхуур байж, тайван тулалд” гэж зөвлөөд шинэ илд бэлэглэсэн.