Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3525 төгрөгөөр худалдан авч, 3532-оор борлуулж байв. Энэ нь оны эхнээс уг валютыг худалдан авах ханш 59, зарах нь 60 төгрөгөөр өссөн дүн боллоо. Тэгвэл сүүлийн зургаан сард ам.долларыг авах, зарах ханш аль аль нь 330 гаруй төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус захын нэгэн ченж “Ам.долларын ханш бараг бүх орны мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарсан. “Найман шарга”-д эрэлт, нийлүүлэлт нь тогтвортой байна” гэж ярилаа. Харин дээрх захад арилжиж буй юань, вон, рубль, иен зэрэг валютын ханш сүүлийн өдрүүдэд бага зэрэг буурчээ. Монголбанкнаас 2023 он гарснаас хойш энэ сарын 16-ны байдлаар гадаад валютын дуудлага худалдаагаар 545 сая ам.доллар нийлүүлжээ. Тус банкны нэрлэсэн ханшаар өчигдөр ам.доллар 3521.54 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хойш 76.94 төгрөгөөр өссөн дүн юм.