Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-35” наадмыг зохион байгуулж, дүнг гаргав. Наадмын гран при шагналыг Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Найданжав хүртсэний зэрэгцээ дэд байрт ч шалгарчээ. Түүний “Удамт монгол эр хүн” дуу нь мэргэжлийн дууны төрөлд дэд байрт “давхисан” бол “Монгол минь” нь нийтийн дууны төрөлд шилдгээр шалгарсан тул ийнхүү дараалсан хоёр байрыг эзэлсэн аж. Уг хоёр бүтээлийн шүлгийг яруу найрагч Ч.Чагнаадорж бичсэн байна. Эхний дууг ДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, “Монгол минь”-ийг нь ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, тенор А.Эрдэнэбулган үзэгч, сонсогчдод хүргэжээ. Уралдааны гутгаар байрыг хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр, яруу найрагч Ч.Түвшингийн шүлэгт зохиосон “Хайр минь” дуугаараа эзэлсэн байна. Үүнийг дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, дуучин Т.Долгормаа нар хослон дуулав. Шилдэг дуучны шагналыг дуурийн гоцлооч М.Дариймаа хүртсэн бол хөгжмийн шилдэг найруулагчийн шагнал “Анир” студийн Б.Алтанхуягт очжээ. Уралдааныг мэргэжлийн, нийтийн, хүүхдийн, рок поп дуу гэсэн дөрвөн төрөлд явуулсан бөгөөд хөгжмийн зохиолчид, ая зохиогчдын зүгээс нийт 202 нэрдэвшүүлсэнаж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, дуучин, “Морин хуур” наадмын олон удаагийн тэргүүн байрын шагналт, нийслэлийн Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар, төгөлдөр хуурч, хөгжмийн сургалттай “Four goodness” сургуулийн үүсгэн байгуулагч Т.Пүрэвсүх, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар ажиллажээ.
Бэлтгэсэн Р.Оюунаа