Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт танилцууллаа. Урьдчилсан гүйцэтгэлээр 2022 онд ДНБ оны үнээр 52.9 их наяд төгрөгт (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) хүрч, өмнөх жилийнхээсээ 9.3 их наяд төгрөг буюу 21.4 хувиар өсжээ. Тэгвэл 2015 оны зэрэгцүүлэх үнээр ДНБ 28.4 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 1.3 их наяд буюу 4.8 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2022 онд 4.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоосоо 12 хувиар буюу 455.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлжээ. ДНБ ийнхүү 4.8 хувиар өссөний -1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын, 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын, 2.6 нэгж хувийг үйлчилгээний, 1.4 хувийг нь бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн аж. Тодруулбал, уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 3.3 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 440 тэрбумаар (11.9 хувь) буурсан байна. Үүнд төмрийн хүдэр, хүдрийн баяжмал 26.9, газрын тосны олборлолт 45 хувиар багассан нь голлон нөлөөлсөн гэнэ. Сонирхуулахад, манай улсын ДНБ-ий хэмжээ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2019 онд 27.9, дараа жил нь 26.7, 2021 онд 27.1 их наяд төгрөг байв.
2023 оны нэгдүгээр сарын эцэст нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 22.5 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.1, чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлт гарав. Төгрөгийн хадгаламж нэгдүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаасаа 197.4 тэрбумаар (1.6 хувь) нэмэгдсэн бол 2021 оны мөн үеийнхээс хоёр их наядаар (13.4) буурчээ. Тэгвэл валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 562.4 тэрбум (11.5 хувь), өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 их наядаар (35.7) нэмэгдсэн дүн болов.