Казах түмний өв уламжлал, ёс заншлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн “Бүргэдийн баяр” ирэх сарын 4-5-нд “Чингисийн хүрээ” жуулчны баазад болох нь. Үүнийг өмнөх жилүүдэд нэг өдрийн хөтөлбөртэй зохион байгуулдаг байсан бол энэ оноос “Монголд зочлох жил 2023-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд амралтын өдрийг тааруулан бямба, ням гарагт хийхээр төлөвлөжээ.
Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх уламжлалыг сурталчилсан арга хэмжээ манай улсад жилд хоёр удаа болдог. Нэгийг нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ, мэргэжлийн холбоодтой хамтран орон нутагт, нөгөөхийг нь нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын бүргэдчид холбоо” төрийн бус байгууллага, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран хотын ойролцоо зохион байгуулдаг юм.
Энэ жилийн баяраар шырга буюу бүргэдээр хиймэл өгөөш бариулах, көкбар буюу тулам булаалдах, газраас зооос шүүрэх зэрэг олон төрлийн тэмцээн, уралдаан явуулахаар төлөвлөжээ. Уламжлал ёсоор хамгийн сайхан үндэсний хувцастай, морины тоноглолтой оролцогчдыг шалгаруулж, бүргэдтэй жагсаал хийх нь. Мөн морьтон баатар, харцага, шонхор шувуудын үзүүлбэр толилуулж, галын наадам, тойром бүжиг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ.
Бэлтгэсэн Н.Буян