Монголын Залуучуудын Холбоо 22 дахь удаагаа хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадмыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, МУСГЗ, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулан амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн наадамд 300 гаруй яруу найрагчийн 1000 орчим бүтээл ирүүлснээс II шатанд 24 оролцогч шалгарсан аж.
Улмаар Гүн утга уран бүтээлийн нэгдлийн яруу найрагч Гантөмөрийн Хашбаатар түрүүлж тэргүүн байр, ЦАГААН УУЛ цомын эзэн боллоо. Хайрын шүлгийн "Цагаан уул" яруу найргийн наадамд Гүн утга уран бүтээлийн нэгдэл гурав дах түрүүгээ авлаа. Түүнчлэн нийт оролцогдоос зургаан найрагчийн шүлгийг онцолж, тусгай байрын шагнал олгосон гэнэ. Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион явуулдаг хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам ийн утга төгөлдөр, сайхан болжээ.
НЭГЭН ПЯНЗНЫ АРВАН ДУУ
Г.Хашбаатар
Нэг.
Үнсний саваа урдаа тавьчихаад
Үргэлжлүүлэн чихэвч зүүж,
утаагаа дээш үлээн
Уруулаа үл мэдэг, эр хүн шиг хагас өргөж
Хөмсөг зангидах, бас хөнгөн санаа алдах...
Ажин түжин ахуй, орон зайг
Алсарч буй гэрлийн шонгуудаар төсөөлөөд
Утас бүрийн дээр суугаа шувуудын нэгэнд
Угтаа би анир чимээгүйхэн хувилав.
Хоёр.
Галаа асаачихаад
гэрээ дулаацахыг хүлээж суухад
Гэнэт л, нахиалах цэцгийн дохиур мэт
гараа дээш сунган
Хөнжлөөсөө нүцгэн өндийн, олохгүй байсан
Высоцкийг минь шууд л сугалан
тоглуулагч дээр тавьчихаад
Эргэн хараад инээмсэглэхдээ гэр орноо
Энэ галнаас ч илүү дулаацуулах
Чи.
Гурав.
Алимын модгүй хашаан дотроо
Алимын мод юм, бид.
Шувууны үүргүй хашаан дотроо
Шувууны үүр юм, бид.
Жимсний үр зөөх
Жижигхэн амьтадын хүсэл юм, бид.
Жил, сар, өдрүүдийг
Жинхэнэ үнэнээр хайрлагчид юм, бид.
Дөрөв.
Хэн хэнд минь хэрэгтэй бороо
Хэцэн дээрх бидний хувцсанд ч хэрэгтэй.
Хэлгүй, дүлий дээвэр дээрээс
Хэчнээн ч дууг бидэнд сонсгох
Бороо л хэрэгтэй, бидэнд.
Үүдэндээ би тамхиа зуун зогсоод
Өнгөрсөн шөнө унтаж буйг чинь ажиглангаа
Сэрээчих вий гэхдээ
алгуурхан үнэрлэсэн шиг
Сэтгэлд минь хамгаас сайхныг авчрах
Бороо л хэрэгтэй, бидэнд.
Тав.
Пянзны нэг талын дуунууд
Дуусчихаад байхад
Бидний хэн нь ч эргүүлсэнгүй.
Зөөлхөн чихрах тэр чимээ
Зүүднээс хол.
Ийм хоосныг сонсон суухдаа
Энэ орчлонд бид байдаггүй.
Охин минь үүд татан орж ирэх хүртэл
Ой санамжаа ч эргүүлж чаддаггүй.
Зургаа.
Ширээний бүтээлгийн хээ хуар дунд
Хэнд ч үл анзаарагдам нэгэн цэцэг
Харагдахыг хүсдэггүй гоо сайхан
Хамгийн сүүлд
нүднээс чинь урсаж байсан сан.
Ойрхон ирэвч буцаж болдог зүйл олон
Оройн хоол ширээ дүүрээд,
цэцэг-навчин цаана.
Долоо.
Үс шиг чинь тас хар хөрсийг
Алгаараа илбээд
Үүрд гэж шивнэхэд чи минь
Ааваа санана.
Үг гэдэг хуучин,
Сэтгэл гэдэг шинэ.
Үсний даруулга шиг байшиндаа
Үлгэр, охиндоо уншиж өгөхөд
Ааваа санана, чи минь.
Найм.
Заримдаа би чамд
Залхмаар санагддаг уу?
Зэнгийн өвгөн багш мөчир хөндөлгүй
Жимс түүсэн тухай чамд хэлээгүйдээ
Зэмлэл хүртэхэд гэмгүй гэдгээ ойлголоо.
Аль уулыг бид өөрийн гэх билээ,
Алга алгаа хавсаргаад
салхи унтахыг хүлээе.
Ес.
Урт хар цамцан дээр чинь
Урин цагаас үлдсэн хоёр сонын хамтаамлыг
Хатгаж өгөх юм сан.
Зүү хүрэхэд цэцэг дэлгэрэх
Зүү хүрэхэд дуу эгшиглэх
Зүү хүрэхэд үүлс хийсэх
Зүү хүрэхэд сэтгэл нисэх
Урт хар цамцан дээр чинь
Увдист бүхнийг л...
Арав.
Хаана ч үгүй чиний инээмсэглэл...
Хадаасан дээр гишгэсэн хөлөө нууж
цэх шулуун алхах,
Тав нь доошоо хүмүүсийн
Там мэт харцан дундуур
Эр зоригтой алхаж ирсэн чиний минь
Эрмэг цайлган инээд.
Сүүдрийг минь цуулж
“Нүд рүү минь хар,
цуурхай бүрээр гэрэлтэх
сэтгэлийг минь хар” гэх мэт
Ариусгагч инээд
Аяа... Дууны увдист
Чи минь.