Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Аялал, жуулчлалын төв, Ид шидийн орон ТББ хамтран 50 хүүхдийг аялалд хамрууллаа.
Дархан хот дахь Хүүхдийн төмөр замын сургалтын төвийн дарга Д.Батмөнх хүүхдийн төмөр замаар аялуулан, төмөр замын салбарын онцлог, үйл ажиллагаагаа сонирхолтойгоор танилцууллаа.
Дархан хот дахь “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах монголын анхны хүүхдийн төмөр зам нь нийт 2.2 км урттай, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн хүүхэлдэйн баатрын нэрээр нэрлэсэн дөрвөн өртөөтэй юм.
Хүүхдүүд галт тэргээр аялан, ширээний теннис, дартас, хөгжөөнт тэмцээн өрнүүлэн чөлөөт цагаа өнгөрүүлж, Дархан хотын музейтэй танилцав.
Ихэнх хүүхдийн хувьд галт тэргээр аялсан анхны аялал нь байсан. Тэдний хувьд тус аялал нь мартагдашгүй дурсамж үлдээсэн хэмээн хэлж байлаа.
Хүүхдийн төмөр замын аялал нь баасан гараг бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд та бүхэн аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар төмөр зам ХНН - Ulaanbaatar Railway JVC хаягаар аваарай.