Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд "Хаан туульсын Жангар" үйл ажиллагааг 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг Жангарын туулийг 1000 туульч бүрэн эхээр нь хайлаж, 8 цаг үргэлжиллээ. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Алтай ятгын “Чүрэ” чуулгын хамт олон, Монгол Улсын төрийн батламжит туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Д.Баатархүү тэргүүт мянган туульч, эрдэмтэн, судлаач, хөгжим, дууны багш нар, өвлөн уламжлагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, мөн сумуудаас ард иргэдийн төлөөлөл бүрдсэн 1200 орчим хүн оролцон зохион байгуулагдлаа.
Монгол туулийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгүүлж, туулийг хамгаалах үүргийг Монгол улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн байдаг. Тэгвэл монгол туулийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлөн уламжлагчийг нэмэгдүүлэх зорилготой "Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн арга хэмжээг бий болгож Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, төрийн бусад байгууллагуудаас жил бүр өвлийн улиралд зохион байгуулахаар боллоо.
Монгол тууль бол эх хэл, түүх соёл, зан заншил, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө шингээж яруу сайхнаар аялгуулан илэрхийлдэг, монголын ард түмний оюун сэтгэлгээний охь дээж болсон хосгүй нандин үнэт зүйл юм. Тийм ч учраас Монгол туулийг нийт хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх үнэ цэн, ач холбогдолтой өв болохыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гоос 2009 онд Монгол туулийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ.