Олон улсын Эрчим хүчний агентлагийн “Нүүрс 2022” тайланг Монголын нүүрс ассоциацоос өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн жил улс орнууд 8.3 тэрбум тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн дүн аж. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нефтийн үнэ өссөнөөс шалтгаалан нүүрснийх ч мөн нэмэгдсэн юм байна. Одоогоор түүхэндээ анх удаа эрчим хүчний нүүрсний үнэ коксжихоос өндөр байгаа аж. Түүнчлэн аль ч төрлийн нүүрсний хэрэглээ 2025 он хүртэл өсөх төлөвтэй ч уг бүтээгдэхүүний 53 хувийг хэрэглэдэг БНХАУ-аас шалтгаалах гэнэ. Европын Холбооны орнууд эргээд нүүрс ашиглах болж, цахилгаан станцуудаа ажиллуулж эхэлсэн бөгөөд Герман, Франц, Дани зэрэг 11 улс нүүрсний уурхайгаа нээжээ. Түүнчлэн Япон, БНСУ, Турк зэрэг оронд том чадлын нүүрсний цахилгаан станц барихаар төлөвлөснийг баяжуулагч инженер М.Базаррагчаа мэдээллээ. Дэлхий дахинд нүүрс олборлолтын зардал өсөж буй ч борлуулалтын үнэ, ашиг нь нэмэгдсээр байгаа гэнэ. Түүнчлэн уурхайд ашигладаг бүхий л бараа, материал, шатахууны үнэ нэмэгдэн, ажиллах хүчний зардал өсөн, мэргэжилтнүүд дутагдаж буй сөрөг тал ажиглагдаж буй ч нүүрсний хэрэглээ ахих төлөвтэйг дээрх тайланд дурдлаа.
Монгол Улсын асгийн газрын тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу өчигдөр анхны арилжааг хийж, “Эрдэнэс Тавантолгой” компани таван багц буюу 32 000 тонн хатуу коксжих нүүрс дуудлагаар борлуулжээ. Үүний үр дүнд дуудах үнэ 0.28 хувиар өссөн аж. Тэгвэл өнөөдөр 64 000 тонн нүүрс арилжих бөгөөд ирэх долдугаар сар гэхэд нийт 12 сая тонныг биржээр борлуулах зорилт тавьснаа Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Улмаар 2025 гэхэд бүх нүүрсээ биржээр арилжихаар төлөвлөсөн байна.