Манай улс энэ оны эхний нэг сард 1.07 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол импортод 668 сая “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 1.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 61.1 хувиар өсжээ. Экспортын орлого 2022 оны мөн үеийнхээс 99.7 хувиар нэмэгдэн, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Борлуулсан бүтээгдэхүүний 81.2 хувийг эрдэс баялаг эзэлсэн бөгөөд чулуун нүүрс 3.5 сая, зэсийн баяжмал 111 000, төмрийн хүдэр 360 000 тонн багтжээ. Энэ нь 2022 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад чулуун нүүрсний нийлүүлэлт 5.7, төмрийн хүдрийнх 8.6 дахин, зэсийн баяжмалынх 36.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн ихийг буюу 23.2 хувийг шатахуун, 14.6-г нь автомашин, 2.5-ыг нь эрчим хүч худалдан авахад зарцуулжээ. Нийт экспортын 86.4 хувь нь БНХАУ, 11.3 хувь нь Швейцарт ногджээ. Харин импортын 35.8 хувийг урд хөршөөс, 29.2 хувийг ОХУ-аас татан авчээ.