Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад өнгөрсөн аравдугаар сард 25 кг-аар савласан нэгдүгээр зэргийн гурилыг 50 000-53 000 төгрөгөөр борлуулж байсан нь 2019 оны мөн үеийнхээс 2.5 дахин өссөн дүн болсон. Тэгвэл “Алтжин бөмбөгөр”, “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр 25 кг гурилыг 63 000- 66 000 төгрөгөөр худалдаж байсан нь дөрвөн сарын хугацаанд үнэ нь 10 000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. “Алтантариа” компанийн нэг кг дээдийн дээд зэргийн гурил 3500, “Дорнод” нэрийн 10 кг-тай нь 37 000 төгрөгийн үнэтэй байсан нь хамгийн өндөр дүн юм. Гурилын үнийн талаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн нэгэн борлуулагч “Бүх төрлийн савлагаатай гурил, будааны үнэ сүүлийн нэг жилд сар бүр нэмэгдсэн. Өдгөө хамгийн үнэтэй гурил кг нь 4000 төгрөгт дөхлөө. Шалтгааныг нь мэдэхгүй” гэв. Ташрамд дурдахад, нийслэлийн Статистикийн газрын тайланд мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт нэг кг дээдийн дээд гурил дунджаар 3400, нэгдүгээр зэргийнх нь 2300 төгрөгийн үнэтэй байсан нь 2022 оны энэ үеийнхээс 1000 гаруй төгрөгөөр өссөн дүн юм.