Технологи хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дижитал солюшн” компани монгол туургатнуудыг виртуал ертөнц (программ хангамжийн тусламжтай бүтээсэн хиймэл орчин)-д нэгтгэх, нүүдэлчдийн түүх, өв соёлыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор “Guyuk metaverse” платформ бүтээж, өнгөрсөн оны зун анхны хувилбараа танилцуулсан. Тэгвэл тэд монголчуудын уламжлалт баярыг угтан сарын 13-15-нд “Цагаан сар” виртуал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хөгжүүлэгчид үүнийг “Метаверс ертөнц дэх хамгийн том виртуал эвент болно” гэж тодотголоо. Иргэд уг арга хэмжээнд нэгдсэнээр виртуал орчинд хоорондоо “золгож”, уламжлалт тоглоом наадгайгаар өрсөлдөн, гэр музейгээр зочилж, нүүдэлчдийн түүх, өв соёлтой танилцах боломжтой гэнэ. Мөн Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд, алтан ургийн 37 хааны хөрөг зургаар үзэсгэлэн дэлгэж, монголчуудын уламжлалт сууц болох гэрт тухлан саатах боломжийг иргэдэд олгох нь. Тус арга хэмжээнд нэгдэхийг хүсвэл “Guyuk metaverse” аппликэйшнийг утсандаа суулгахыг зохион байгуулагчид зөвлөлөө.
Бэлтгэсэн Н.Мишээл