“Моннис” групптэй газрын ховор элементийн чиглэлд ажиллах хамтарсан компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан талаараа БНСУ-ын харилцаа холбооны томоохон групп “Korea telecom” мэдээлснийг “Korea herald” дамжуулав. Улмаар “Korea telecom” нь “Моннис” группийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг ашиглах боломж бүрдсэн аж. Үүнээс өмнөхөн буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Засгийн газар болон “Korea telecom” нь ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийн нийлүүлэлттэй холбоотой санамж бичиг байгуулсан хэмээн мөн дурджээ. Түүнчлэн “Моннис” групп нь уул уурхай, хүнд тоног төхөөрөмж, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, жилийн орлого нь дунджаар 500 тэрбум вон (406 сая ам.доллар) гэж тэмдэглэсэн байв.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын эцсээр “Korea telecom”-ын ерөнхийлөгч Гү Хён Мог хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд тус групп нь манайд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, эрүүл мэнд, банк санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулахаар төлөвлөж буйд талархлаа илэрхийлсэн юм. Сонирхуулахад, тус групп нь хиймэл дагуул, утасгүй сүлжээ, 5G, далайн гүний кабель, хиймэл оюун ухаан, эрчим хүч зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Бэлтгэсэн Б.Сонор