Манай улс дэлхийн зах зээл дэх нийт түүхий ноолуурын 40 гаруй хувь буюу жилд 10 000 орчим тонн бүтээгдэхүүн бэлтгэдэг. Үүнийг угааж, самнахаас гадна бэлэн бүтээгдэхүүн болгон экспортолдог. Тэгвэл экспортын орлогын хэмжээ сүүлийн жилүүдэд өсөн, 2022 онд 444 сая ам.долларт хүрснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Экспортын нийт орлогын 80 хувийг угаасан, 10 орчим хувийг нь самнасан ноолуурын худалдаанаас бүрдүүлсэн бол үлдсэнийг нь бэлэн бүтээгдэхүүний борлуулалтаас олжээ. Тиймээс боловсруулалтын түвшнийг ахиулж, эцсийн бүтээгдэхүүн хийх зорилгоор өдгөө үйл ажиллагаа явуулж буй самнах 40 үйлдвэрийн тоог нэмэх гэнэ. Ингэснээр жилд 10 000 орчим тонн ноолуураа бүрэн самнах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” баталснаар энэ оноос угаасан ноолуур экспортлохгүй болж, 4500 тонн самнасан ноолуур, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн худалдан, борлуулалтын орлогыг жилд 660 сая ам.долларт хүргэхээр төлөвлөжээ.