БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн жил нэмэгдсэн талаар sxcoal.com цахим хуудсанд мэдээлэв. Уг бүтээгдэхүүнийг урд хөршид өмнөх жил хамгийн их дүнгээр нийлүүлсэн орнуудын жагсаалтад Монгол тэргүүлсэн байна. Тодруулбал, эл хугацаанд манай улс БНХАУ-д 25.61, ОХУ 21 сая тонныг нийлүүлсэн аж. Мөн Канад 7.87, АНУ 4.37, Индонез 2.17 сая тонныг экспортолсноор топ таван нийлүүлэгчид багтжээ.
Статистикаас харвал өнгөрсөн оны 2-9 дүгээр сард манай улсын коксжих нүүрсний нийлүүлэлт тасралтгүй өсжээ. Харин арав, арваннэгдүгээр сард нь есдүгээр сарынхтай харьцуулахад бага зэрэг буурсан байна. Тэгвэл арванхоёрдугаар сард экспорт эргэн нэмэгдэж, дөрөв орчим сая тоннд хүрсэн аж. Ташрамд дурдахад, 2022 онд манай улсын нийт экспортын 84.3 хувь нь БНХАУ-д ногдсоныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор