Орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой арга хэмжээнүүдшил шилээ даран үргэлжилж байна. Өмнөговьчууд энэ сарын 20-нд “Галбын говийн улаан тэмээний баяр” зохион байгуулсан бол дараа өдөр нь Алтай нутгийнхан “Гэгээн нуурын мөнгөн өвөл”, ховдынхон “Мөнгөлөг шагшуурга-2023”-аа нижгэр тэмдэглэлээ. Харин өнөөдөр Хөвсгөлд “Цас, цааны баяр” эхэлнэ. Хөвсгөл аймаг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгож зарлан, үүний хүрээнд найман арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний хамгийн эхнийх нь энэ аж. Дархад, цаатны өв соёлыг сурталчлах, өвлөн уламжлуулах, сурталчлах зорилготой “Цас, цааны баяр”-ыг 2018, 2019 онд Рэнчинлхүмбэ сумд тэмдэглэсэн бол энэ удаа Цагааннуурт зохион байгуулж буйгаараа онцлог. Хоёр өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр цаатан иргэдийн аж амьдралын онцлогийг харуулсан соёлын арга хэмжээ, дархад ястны уламжлалт цана (хааг гэж нэрлэдэг)-ын тэмцээн, цааны уралдаан болох нь. Ташрамд дурдахад, баянхонгорчууд “Түйн голын жавар” өвлийн наадмаа ирэх сарын 11, 12-нд долоо дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл