Богд хааны ордон музейгээс “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Уламжлалт өв соёлоо хамгаалах, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уран бүтээлч, өв тээгчдийг уг үзэсгэлэнд тавих боломжтой бүтээлүүдээ ирүүлэхийг дээрх музейгээс мэдээлэв. Бүтээлүүдийг ирэх сарын 7 хүртэл Богд хааны ордон музейд хүлээн авч, бүртгэх юм байна. Үзэсгэлэнд тавих бүтээл нь монгол хэв маяг, нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг шингээсэн, уламжлалт хээ угалз, бэлгэдлийг агуулсан байх ёстой. Мөн уран нарийн хийцтэй, оюуны өмчийн зөрчилгүй байх шаардлага тавьжээ. Уран бүтээлчид ганцаараа болон багаараа хамтран хийсэн бүтээл ч байж болох аж. Хугацааны хувьд 2021 оны нэгдүгээр сараас хойш урласан бүтээлүүдийг шалгаруулалтад оролцуулах юм байна. Үзэсгэлэнд тавих уран хатгамлуудыг зохион байгуулагчид урьдчилан шалгаруулж, уран бүтээлчдэд мэдэгдэх аж. Түүнчлэн шилдгийн шилдэг хоёр хатгамлыг үзэсгэлэнгийн төгсгөлд шалгаруулж, “Хаан бүтээл”, “Хатан бүтээл”-ээр өргөмжлөх нь.
Бэлтгэсэн М.Оч