Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсөж, 3500 төгрөгт дөхөөд байсан. Тэгвэл эл валютын ханш 3500 төгрөг давлаа. Тодруулбал, “Найман шарга” захад ченжүүд өчигдөр “ногоон”-ыг 3505 төгрөгөөр худалдан аваад, 3510-аар зарж байсан юм. Энэ нь нэг сарын өмнөхтэй харьцуулбал авах нь 42 (1.21 хувь), зарах нь 40 төгрөгөөр (1.15) өссөн дүн боллоо. Тэгвэл нэг жилийн өмнөхөөс ам.долларыг авах ханш 654 төгрөг буюу даруй 22.94 хувиар дээшилжээ. Мөн худалдах ханш нь 656 төгрөг буюу 22.99 хувиар чангарав. Эргэн сануулахад, дээрх захад өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өглөө ам.долларын ханш 3500 төгрөг давсан бол орой нь 3560 төгрөгт хүрч байсан юм. Монголбанкнаас зарласан албан ханшаар америк мөнгөн тэмдэгт өчигдөр 3482 төгрөгтэй дүйсэн нь жилийн өмнөхөөс 22.21 хувиар чангарсан дүн боллоо. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд “ногоон”-ы ханш 632.77 төгрөгөөр өсөөд буй нь энэ.